Gandan Monastry

ЗАЯ БАНДИДА ЛУВСАНПРИНЛЭЙ


Лувсанпринлэй цаст түвдийн оронд ном үзэхээр явжээ. Тэрбээр багшийн заасан номыг түвэггүй тогтоож мэддэг ой ухаан гойд  байсан гэнэ. Ном цаашлан үзэх тусам суралцах нь улам түргэсэж номыг ухан мэдэх, хураангуйлж товчлох, шүүн дэлгэрүүлэх зэргээр эрдэм номыг гоц сайн сурчээ. Багш нь Лувсанпринлэйн түргэн хурдацтай ном сурч байгаа ер бусын сод мэргэн чадал ухааныг шалгаж сорьж үзэх болж гэнэ. Тэгээд нэг өдөр багш нь хэд хоногоор хол явна гээд үзэх номыг урьдынхаас илүү ихээр өгөөд явжээ.Багш гэртээ сэм ирээд хаалганы цонхоор харахад Лувсанпринлэй номоо ширээн дээрээ дэлгэн тавиад дэргэд нь идэж суугаа замбаагаараа уул хийж самбаагаар /хадагны төрөл/ бүрхэн тэнгэр болгоход ууланд бороо шир шир орж, цахилгаан цахиж, тэнгэр дуугарч, морь унасан, буу үүрсэн, нохой дагуулсан хүн, үнэг хөөж яваа харагдана гэнэ. Нохой үнэгийг шүүрэн алдаж, үнэгэнд хууртан мод сүлжүүлэн хөөж явааг Лувсанпринлэй харж ганцаараа хөхөрч байх юм гэнэ. Ингэж Лусанпринлэй өөрийн урд дүр Тошгин сайн ноён явснаа дурсан харж ер бусын чадал ид шидтэй болохоо харуулжээ. Багш нь гэнэт хаалга татан орвол Лувсанпринлэй самбаагаа хураан атгаж гэнэ. Багш нь Лувсанпринлэйгээс
Хэмжиж өгсөн номыг үзсэн эсэхийг шалгахад бүгдийг үзэж мэдсэн байжээ. Ингээд Лувсанпринлэй эгэл хүн биш эрдэм төгс сурч буйг үзэхэд тоглож байгааг нь харсан ч чадал төгс хувилгаан хүн юм гэдгийг таньжээ. Ийнхүү үзэх ном боллоо, Дард газар халхдаа очиж ном айлдаж болно гээд явуулжээ. Тэгэхэд Лувсанпринлэй Түвдэд 80 хасаг тэрэг ном үзэж зооглосон. Түвдүүд манай номын буянг халхад аваад явчихлаа гэж Лувсанпринлэйн хойноос номын даллага авсан гэдэг. Бандида гэдэг нь номын даваан дээр гарсан гэсэн утга хадгалсан эрдмийн зэрэг дэвийн нэр гэж энэ хууч домгийг Ц.Цүлтэм багш бага сургуульд сурагч байх үедээ эцэг Цэрэндашаасаа сонссоныг “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүх” номоос нь Зая гэгээн Лувсанпринлэйн бусад домгийн хамт бүрэн эхээр нь авлаа.
Бургалтайн сайчууд, Булган уулын өвөрт Зая гэгээн Лувсанпринлэй, Ламын гэгээн хоёр дуганаа барих гэж газар булаалдсан гэнэ. Тэгээд хоёул аягаа хөмрөөд унтана. Аяган дотор цэцэг ургасан нь дуганаа барина гэж тохирчээ. Шөнө Зая гэгээн сэрээд аягаа үзэхэд цэцэг ургаагүй Ламын гэгээний аяганд цэцэг ургасан байхыг үзээд тасдаж аваад өөрийнхөө аяганд хийж суулгаад унтсан гэнэ. Өглоо сэрээд үзэхэд Ламын гэгээний аяганд цэцэг байхгүй. Зая гэгээний аяганд цэцэг ургасан байхыг Ламын гэгээн хараад “За яахав чи дуганаа Булган уулын өвөрт барь. Харин шавъ чинъ жаахан урт гартай байх вии' гэж хэлсэн гэнэ. Тэгээд Заяын шавийн Бургалтай /одоогийн Хотонт сум/ жаахан сайчуултай байдаг юм гэнэ билээ. Энэ домог яриаг Архангайн цагдан сэргийлэх ангийн аж ахуйн эрхлэгч байсан Пагжийн Чулуун /Өндор-Улаан сумын хүн/ хуучилсан юм.
АЛИА ШАРАВ
Зая бандида гэгээнтэй хамт богд эзний мэндэд явах, Бээжин орох, хүрээ хөдөө цуг явдаг шадар хүн бол алиа Шарав байсан. Зая гэгээн Дарба бандидагийн хүрээ /Хөвсгөл аймгийн Рашаантын хүрээ/ орохоор заларч явжээ. Үдэд гэгээнтэн тагшаалж /буудаллах/ мимж гүнтэн зооглосон. Алиа Шарав мах идэж байгаад том хэрчмийг  унагачихаад авах гэтэл Зая гэгээн “өдөр унасан мах авдаггүй” гээд алиа Шаравыг авахуулаагүй гэнэ. Хөсөг хөдлөх болоход алиа Шарав нэг хонины махыг жаал яваад унахаар ачуулжээ. Хөсөг нилээн хол явтал өнөөх хонины мах унаж бараа бологч, чаалгач нар хөсгийг зогсоож махыг ачих гэтэл алиа Шарав гэгээнтэн өдөр унасан мах авдаггүй гэсэн. Битгий ав гээд хонины махыг авахуулаагүй гэнэ. Тэгэхээр Зая гэгээн, Ээ энэ Шаравыг яана даа. Ихийн шаар тэврүүлэх юмсан гэж гэнэ. Алиа Шарав тэгэхээр нь тэмээнээс их амьтан байхгүй гээд тэмээний гуя тэврээд явсан юм нэлээ. Алиа Шаравыг Зая гэгээнтэй алиа хошин наргиантай харьцаж явдаг эгэлгүй хүн гэж нутгийн хөгшчүүл ярьдаг.
Нэг өдөр алиа Шарав Зая гэгээнийд орохоор очтол хэрэмний дотор ногоон гуурстай буга уяатай байв. Гэгээнтний хаалган дээр нум сумнууд тавиастай, ордонд хүн ярьж байгааг нь сонсжээ. Алиа Шарав тэнгэр нараас ирж Зая гэгээнтэй уулзаж байгааг мэдээд дотор оролгүй нум сумнаас нэгийг аваад явжээ. Ингээд тэдний явсны дараа Алиа Шарав Зая дээр орж нум сум нууж авснаа ярьсанд Зая гэгээн “Иш алиа Шарав минь яана даа, миний орхимжийг аваад Ьулган ууланд түргэхэн гар” гэжээ. Шарав орхимжийг авч нөмрөөд Ьулган ууланд гартал тэнгэр бүрхэж их дуу цахилгаантай үер бууж бороо мөндор хүрээг хөвүүлэх дөхжээ. Шаравын эргэн тойронд аянга цахилгаан ч их бууж, Шарав ном уншин залбирсаар бороог өнгөрөөж бууж ирэхэд нь Зая “ За яав Шараваа” гэхэд “Битүү толгой байтугай онгорхой хошного даахгүй юм байхчив” гэсэн гэнэ. Алиа Шарав Зая гэгээнтэй үг цаашлуулж ярьдаг онцгой хүн байсан тул халх даяар Заяын шавийн алиа Шаравыг юмнаас айдаггүй ер бусын хүн гэж магтан ярьдаг болжээ.
Богд эзний мэндэд Зая гэгээн алиа Шаравтай иржээ. Богдын мэндэд ирсэн халхын гэгээн хутагт Хан, ван гүн ноён гээд ихэс дээдсүүд цугласан байж дээ. Тэд алиа Шаравыг айж тэвддэггүй хүн гэнэлээ, цөмөөрөө Шаравыг тэвтгэх арга ярьцгааж сорьж үзэхээр тохирчээ. Ингээд хаалгаар ороход нь сэлэм далайсан хоёр махранз 
зэрэг ухас хийлгэхэд /Махранз нь босоо хүний дайтай оньсон хөдөлгүүртэй баримал/ алиа Шарав сайн цагийн мянган бурханы түрүүнд ирсэн хоёр махранз сайн байна уу гээд ер цочсон шинжгүй цааш явж суув. Тэгмэгц мэндийн хөөрөг тал талаас нь зэрэг барьсанд Шарав цөмийг нь аваад хормойдоо хийж байгаад яаралгүй хөөргөлж нэг ч хүний хөөргийг солихгүй буцааж барьсан гэдэг. Дараа нь тэгш ёроолгүй бөөрөнхий аяганд цай бариад идээ өгчээ. Алиа Шарав бугуйнаасаа эрхээ авч дугуйлж тавиад аягатай цайгаа түүн дээр тогтоогоод идээг авч ёсыг эндэж алдалгүй гүйцээсэн юм гэнэ билээ. Алиа Шарав бол Зая гэгээнд их үнэлэгдсэн баруун гарын итгэлтэй хүн явсан гэж өвгөчүүл хуучилдаг.

эх сурвалж БУДДА.МН