Gandan Monastry

ЗАВА ДАМДИН


ЗАВА ДАМДИН

Монголын их сэтгэгч, номч лам, буддын гүн ухааны томоохон төлөөлөгч Зава Дамдин гавж 1867 оны 2 дугаар сарын 7-нд Түшээт хан аймгийн Үйзэн гүний хошуу Ахай сум буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт эцэг Шагдар, эх Содномпил нарын гэрт мэндэлжээ. Тэрбээр буддын гүн ухааны их, бага таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн хүн байв. Зава гэдэг нь “үндсэн” гэдэг төвд гаралтай үг бөгөөд түүний цол ажээ. Төрсөн нутгийнхаа Дарцагт уулын сан тахилгыг төвд хэлээр зохион бичжээ. Анхны багш нь Дайчин бэйсийн хошууны “Хорины хамба лам” хэмээн алдаршсан ламтан байсан ба төвд цагаан толгой зааж өгчээ. Дараагийн номын багш нь Лувсанбалдансанжаажав хэмээх Төвдөд гүн ухаан судлаад Равжамба мяндаг хүртсэн хүн байв.

Зава Дамдин 7 настайдаа өөрийн хошуу нутгийн Цахиуртын жасаанд сууж лам хувраг болж, Их Хүрээний уншлагын аймгуудын номуудыг бүрэн цээжилжээ. Дараа нь Их Хүрээний Гунгаачойлин дацанд шавилан сууж цанид чойрын гүн ухааныг судлаад, хувилгаан цорж Жигжидээр учир шалтгааны үндсийг заалгаж, үргэлжлүүлэн гавж Лувсандаш, гавж Балдандорж нараар учир шалтгааны ухаан, билиг барамидын гүн ухааныг заалгах зэргээр тухайн үеийн Их Хүрээний алдартай номч мэргэдийн ачаар буддын философийг улам лавшруулан үзэж судалжээ. 1905 онд Их хүрээний Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж болоод Их хүрээний залуу лам нарт Буддын гүн ухаан зааж сургаж байв. Төвд хэлээр нийт 17 боть ном зохиосны дотор хамгийн алдартай нь “Хорчойнжун” хэмээх түүхийн зохиол юм. Түүний зохиол бүтээлийг гадаад дотоодын эрдэмтэн мэргэд сонирхон үздэг бөгөөд “Их нигүүлсэхүйн магтаал” хэмээх зохиолыг нь XIY Далай лам үзэж болгоон ихэд таалжээ.

Зава Дамдин Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 1918 онд “Дэлгэрийн чойр” хэмээн алдаршсан хийдийг байгуулжээ. Тус хийд нь 1937 он хүртэл 20 жилийн туршид өргөжин тэлж, буддын гүн ухаан судалдаг цанид ба чойрын дацан, тарнийн гүн ухааныг судалдаг жүд, зурхайн гүн ухааны сургалт явуулдаг дацангуудыг байгуулжээ. Зава Дамдин Хүрээний гавж аграмба нарт “дуун ухаан” гэж алдаршсан эртний энэтхэгийн санскрит хэлний зүй зааж байсан төдийгүй Богдын зарлигаар “Монголын түүх бичиг” зохиох эрдэмтэдийн дунд уригдан ажиллажээ.

1921 онд байгуулагдсан “Судар бичгийн хүрээлэн” Зава Дамдин гавжийг урьж, 1924 онд сул гишүүн болгожээ. Анхны “Үндсэн хууль” зохиох ажилд уригдан оролцсон бөгөөд түүний санаачилгаар Монгол улсын төрийн сүлд, далбааг хэлэлцэх үед Алтан соёмбо үсэг оруулж хэлэлцжээ.

Ерөнхий сайд А.Амар Зава Дамдинг хүндэтгэн биширч шавиар орсон байдаг. Зава Дамдин 1936 оны үед лагшин чилээрхэж шадар бараа бологч нартаа “намайг өнгөрсний дараа миний цогцсыг Дэлгэрийн чойр хийдийн баруухантаа байдаг “Цамын-Ус” гэдэг газар тавьж хайлаарай. Би энд залуу цагтаа дөрвөн хүнийг гэлэн болгож байсан юм” гэж айлджээ. Түүнийг нас барсны дараа шарилыг нь аваад нутаг руу нь явж байх хойгуур Дотоод яамныхан баривчлахаар хүрээний гэрт нь ирж байсан гэдэг.