МАНАЛ БУРХАНЫ АРИУН ОРОН

Бурхны орон болон ертөнцийн орны тухай тодорхой ойлголт авахын тулд ерөнхийд нь товчлон авч үзье. Ертөнцийн орон Диваажинг яагаад Диваажин хэмээн нэрлэсний учир нь: Ертөнцийн энэ орны амьтан нугуудад биеийн зовлон сэтгэлийн зовлон үгүй амгалантай бөгөөд буяныг хийж бүтээж үйлдэх шалтгаан нь хэмжээлшгүй байдаг тул ертөнцийн орон диваажин хэмээсэн. Диваажин гэдэг нь төвд үг бөгөөд монголоор “амгалант, жаргалант” гэсэн утгатай. Мөн дагшин буюу ариун орон хэмээн нэрлэдэг. Бурхадын орон Диваажин хийгээд ертөнцийн орнууд нь тоолшгүй байдаг. Ертөнцийн орныг Үл алзагч ертөнцийн орон, Тэнгэрийн орон, Асурын орон, Нар сар одны орон, Хүсэлт орон, Дүрст орон, Дүрсгүй орон, Гурван мянган ертөнцийн орон хэмээн авч үздэг . Ертөнцийн орнууд үүсэж тогтох жам ёс нь тэнд оршин амьдрах амьтдын үйлээс хамаардаг тул түүнийг дагаад шимт амьтан ч хязгааргүй байх ба сав болох ертөнцийн орон ч хязгааргүй байдаг байна. Хүн төрөлхтөн оршин буй ертөнцийн орныг “Үл алзагч” ертөнцийн орон хэмээн нэрлэсэн. “Үл алзагч” хэмээх нь тэсвэр тэвчээртэй гэсэн утгыг илэрхийлэх боловч энэ ертөнцийн төрөлхтөн нугууд нь хүсэл тачаал, уур хилэн, мунхаг тэргүүтэн нисванисийн хүлээсэнд алздаггүйгээр нь “Үл алзагч” хэмээсэн байна. Мөн энэ ертөнцөд Бурхны шавь Бодьсадва нар олноор заларч гурван хороор үл чадагддаг бөгөөд тэсвэр тэвчээрийн эрдмээрээ хорлол алинд ч алздаггүйгээр нь дээд төрөлхтөн тэдгээрийн нэрээр нэрлэсэн байна. Үл алзагч ертөнцийн оронд Хүсэлт орон, Дүрст орон, Дүрсгүй орон багтах бөгөөд сүмбэр уулыг хүрээлэн дөрвөн тив байдгаас зүүн зүгт нь Үлэмж биет тив, урд зүгт Замбуу тив, баруун зүгт Үхэр эдлэгч тив, хойд зүгт нь Яруу бус дуут тивүүд байдаг. Замбуулингийн хүмүүсийн биеийнх нь хэмжээ өөрийнх нь тохойгоор дөрөв байх бөгөөд дүрс муут нь хагас лугаа дөрөв байна. Үлэмж биет тивийн хүмүүсийн хэмжээ нь 8 тохой, үхэр эдлэгч тивийнх 15 тохой, яруу бус дуутынх 32 тохой хүртэл хэмжээтэй байна. Насны хэмжээ нь Замбуулинд 100, Их биетэд 300, Үхэр эдлэгчид 508, Яруу бус дуутад 1000 гэх мэтчилэн орнуудын хэлбэр дүрс хэмжээ байршил тэдгээрийн тогтох, орших, эвдрэх, хоосрох ёсны талаар Дүйнхорын ёс, Зодын ёс, Зурхайн ухаануудад авч судалсан байна. “Үл алзагч” ертөнцийн орны их далайн дотроос мянган шар цэцэг ургаваас түүнийг ариун орны тэнгэрүүд үзээд энэ ямар ёр буй хэмээн шинжилж үзвээс, энэ галавт мянган бурхан залрахын бэлгэ тэмдэг байна хэмээн шинжилж мэдээд, Аяа энэ галав бол сайн галав байна хэмээн нэрлэсэн . Энэхүү сайн галавт Үл алзагч ертөнцийн оронд 1000 бурхан залрах бөгөөд • анхных нь Хорвоожиг / Гаргууцэнда / 4 түмэн насны үед, замбуутивийн орны дунд хааны ордон Дончэрсамба хэмээхэд, • хоёр дахь нь Сэртүв / Гагаамүни / 3 түмэн насны үед замбуутивийн орны дунд Дончэрцэдан хэмээхэд, • гурав дахь нь Одсүрэн / Гашив / 2 түмэн насны үед Замбуутивын орны дунд Дончэрцэдан хэмээхэд, • дөрөв дэх нь Шагжа Жалбу хүний нас 100 болох үед замбуутивын орны дунд Сэржан хот оронд тус тус заларсан. Бурхан ертөнцийн оронд залрахад гурван шалтгаан бүрдсэн байх ёстой байдаг. 1. Бурхан залрах орон нь ариун байх 2. Бодь сэтгэлтний чуулган хурсан байх 3. Шавь нарын орон хувь төгөлдөр боловсорсон байх бөгөөд эдгээр нь хотол чуулган болж бүрдээгүй бол бурхан ертөнцөд залардаггүй байна. Бурханд лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлс огоот бүрдсэн байх бөгөөд бурхны лагшин нь дотроо номын лагшин, төгс жаргалангийн лагшин, хувилгааны лагшин гэж гурав байна. Номын лагшин нь номын агаар тийн ариун бөгөөд толь /me-lox-ye-=es/ адилын билгүүн нь номын лагшин болой. Төгс жаргалангийн лагшин нь шалтгаан өөр бусдыг тэгш дор бясалгахын үр эс оршсон гаслангаас гэтэлсэнд оршсон, тэгш ямагт /m,m-,id-ye-=es/ билгүүн, мэдэгдэхүүн бүгдийг торж сааталгүй болгоогч тус тусад бүгдийг мэдэгч хоёр билгүүн нь төгс жаргалангийн лагшин болно. Хувилгааны лагшин нь янз бүрээр хувилснаас амьтны тусыг бүтээгч билгүүн, хэргийг бүтээгч хоёр билгүүн нь хувилгааны лагшин болно. Ирээдүйд хүний нас 10 наснаас дээш өсч 8 түмэн насны үед тавдугаар бурхан болох Майдар бурхан замбуутивийн орны дунд Догий Лодой хэмээх хот оронд заларна. Түүнээс цааш сайн цагийн мянган бурхны сүүлчийнх Мойв Нанзадыг хүртэл бүгд зэрэгчлэн замбуутивд залрах болно. Энэ мэт бурхан заларсан галвыг “Зулт сайн галав” хэмээх бөгөөд бурхан залраагүй галвыг “Харанхуй галав” гэдэг байна. Энэхүү сайн галвын дараа 65 харанхуй галав өнгөрөөд “Их яруу” хэмээх зулт галавт 10000 бурхан, мөн түүний дараагаар харанхуй галав 80000 өнгөрөөд “Од” хэмээх зулт галавт 80000 бурхан, мөн түүнээс хойш харанхуй галав 300-г өнгөрөөд “Эрдмийн байгуулалт” хэмээх зулт галавт 84000 мянган бурхан залрахыг сударт номлосон. Эрт эдүгээ үед Бурхны орон диваажин буюу дагшин орны талаар үлгэр, туульс, домогт төсөөлүүлэн дүрсэлж бичсэн байх боловч хараахан түүний талаар бодитой бичигдээгүй байдаг. Тэгвэл бурхны ном сударт бурхны орон диваажингийн талаар номлогдсон байдаг. Тухайлбал Хутагт амгалант орны байгууламж хэмээх их хөлгөний сударт Бурхан багш бээр Нянёод-д заларч байхдаа энэ орноос баруун зүгт Бурхны орон живаа (10-ын 6 зэрэгт), тагтиг (10-ын 11 зэрэгт) бумыг өнгөрвөөс ертөнцийн орон дэважан байна хэмээсэн. Мөн Судрын аймаг найман зуут хэмээх Манлын жүдийн сударт Бурхан багш бээр Янбажангийн орон Энэтхэгийн Бишали хот /Гандангийн бурхны орон ч гэж тайлбарласан/-д заларч байхдаа энэ орноос зүүн зүгт Ганга мөрний элсийг хэдий чинээ байгаа живаа тагтигыг өнгөрвөөс Манла бурхны ариун орон байна хэмээсэн. /Ганга мөрний элсийг хэдий чинээ хэмээх нь 10-ын 65 зэрэгтээс дээшхи тооны нэр/ “Үйл хийгээд үйлдвэр тийн элдэв дор хувь ихтэй хаш чулуун эрдэнийн хайрцаг хэмээх” сударт : “Намрын сүүл сарын шинийн гучинд эмчийн хаан биндэръяан гэрэлт бээр мэндэлсэн өдөр” хэмээсэн байна. Сар бүрийн шинийн найманд Манал бурханы их дүйцэн өдөр байдаг. Ертөнцийн орон диваажинд Урт наст тэнгэр, Асур тэнгэрийн алагчлал, бирдийн орон, адгуусны орон, тамын амьтад харанхуй бөглүү оронд төрөл авах, эрхтэн бүрэн бүтэн биш, бурхны зарлиг байхгүй оронд төрөх, буруу үзэлтэн байхгүй, эрлэгийн ертөнцөд төрөхийн нэр ч үгүй, нүглийн нэр ч үгүй болно. Бурхан айлдахдаа: Амьтан бүгд бурхан болох нь магадтай хэмээсэн. Үүнээс үзэхэд амьтан бүгд бурхан болж болдог гэдгийг ойлгож болох бөгөөд харин хэзээ, хэрхэн, яаж болох вэ гэдэг нь амьтан бүгдийн тус тусын үйлийн үртэй салшгүй холбоотой юм. Амьтан хэн боловч бурхан болоод бурхны оронд зүгээр л залраад байх уу гэвэл тийм биш юм. Бурхад нинж асралын сэтгэлээр эзлэгдсэн байх бөгөөд лонгү, чойгү, брүлгү байдалтай лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлсээрээ зүг бүхэнд цаглашгүй гэрлийг цацруулан цаг үргэлжид зургаан зүйл хамаг амьтан бүгдийн тусыг бүтээж олон мянган бодьсадва нөхөр сэлтэд дээдын номыг айлдаж байдаг. Манал бурханы амгалант орон буюу ариун орны байдал нь бидний амьдарч байгаа ертөнцийн орноос ихээхэн өвөрмөц ялгавартай эрдэмтэй байдаг талаар Манал бурханы тухай номлогдсон олон судар тарнийн номонд бичигдсэн. Тухайлбал Бурхан багш бээр Янбажанд долоон Манал, Жанрайсэг, Очирваань, Манзушир тэргүүтэн бурхад, гучин зургаан мянган бодьсадва, 8000 гэлон хувраг нарын хамт заларч олон мянган тэнгэр, лус, ягчис, бирман, хаан, ноёд хүмүүсээр хүрээлүүлэн байх үедээ зарлигласан “Судрын аймаг найман зуут” буюу “Хутугт тэгүүнчилэн заларсан долоогийн урьдын ерөөлийн ялгавартай дэлгэрүүлсэн хэмээх их хөлөгний сударт” Манал бурханы ариун орны эрдэм чадлын талаар номлосон байхаас гадна “Түүнчлэн заларсан долоогийн тахилын зан үйлийг найруулсан хүслийг хангагч эрхтийн хаан хэмээх”, “Манлын зан үйлийг жигдрүүлсэн хүсэл бүхнийг гаргахын орон хэмээх” судруудад Манал бурханы ариун орны байдал нь Одвагмэдийн диваажингийн оронтой адил бөгөөд төгөлдөр хэмээсэн байдаг. Манал бурханы заларч буй ариун орны байдлыг газар, мод, ус, лянхуа, орд харш, хүмүүс, ширваанууд, бодьсадвагаар төлөөлүүлэн тодруулж товчхон өгүүлсэн байдаг. Манал бурханы заларч буй ариун орны усны эрдмийг өгүүлэх нь: Манал бурханы газар оронд машид сайхан ариун янз бүрийн далай, гол мөрөн бүрдний уснууд буй бөлгөө. Тэдгээрийн гүн нь найман түм дөрвөн мянга тэгш арван хоёр бээр бөгөөд өргөн, урт нь нэг бээр гэх мэтчилэн 10, 20, 30 40, 50, 100, 1000 бээрийн хэмжээтэй ч байх болно. Хүжийн үнэр машид ханхалсан хур бууж эрдэнийн цэцэгсийн чуулган бууна. Тэр усны доорхи газрын элс нь алт бөгөөд балчиг, шавар, булингар үгүй. Ус нь маш сайхан амттай найман гишүүн бүрдсэн бөгөөд асар халуун хүйтэн үгүй амссан төдийгөөр ханаад, бие нь маш амгалан тааламжтай болно. Ширүүн түргэн урсгалгүй, маш дөлгөөнөөр долгиолон урсана. Зах ирмэг хүрээгээр нь явах, гарахад, маш амар хялбар. Усан дотор тэнгэрийн цэцэгс удвал, гүмүда цагаан лянхуа тэргүүтэн ердийн цэцэгтэй зүйрлэж болохгүй сайхан үнэртэй, үзэсгэлэнтэй элдэв өнгийн цэцгүүдээс алтан өнгөтэйгээс нь алтан гэрэл цацарч алт адил харагдана, хөх өнгөтэйгээс нь хөх гэрэл цацарч хөхөрч гэрэлтэнэ, шар өнгөтэйгээс нь шар гэрэл цацарч шаргалтаж туяарна, улаан өнгөтэйгээс нь улаан гэрэл цацарч улайрч харагдана, цагаан өнгөтэйгээс нь цагаан гэрэл цацарч цагаан туяа татна, алагласан өнгөтэйгээс нь янз бүрийн өнгө мяралзан алаглан, солонгорон туяарч зүг бүхэнд цацарна. Усанд нь сэтгэлд зохистой, уяхан эгшиг дуутай элдэв сайхан өнгөтэй галуу, тогоруу, хун шувуу, ангир гарандва, тоть, хөхөө, галбинга, галандага гургалдай, тогос тэргүүтэй ер бусын олон шувууд усанд шумбах ба явах нааш цааш нисч сайхан эгшиг дуу гаргаж огторгуй газар бүхнийг чимсэн мэт болно. Хувилгаан шувууд эрхт, хүч, бодьсадын гишүүны аялгуу номыг өөр өөрсдийнхээ дуугаар дуурсагснаар тэр орны хүмүүс ямагт бурхны зарлигийг санах, бурхныг сэтгэлдээ бодох, хуврагыг сэтгэлдээ үүсгэх, номын утгыг санах, үүсгэх дурьдахын сэтгэлээс үл хагацна. Тэдгээр шувууд ч Манлын ерөөлөөс бүтсэн хувилгаан мөн тул ерийн шувуутай нэрийн төдий адил болохоос биш өнгө, дуугаараа өчүүхэн ч төдий адил биш юм. Гурван өдөр гурван шөнө өнгөрвөөс тэдгээр шувууд бурхан болдог. Тэр ус мөрнүүдээс гүн, бүхнийг мэдэж үйлдэх, тийн мэдэж үйлдэх, хуурмаг үгүй, тийн амгалантай, сэтгэлд зохистой, баясгуу дор үйлдэх, яруу, сонсвоос үл ханах, сонсгол лугаа зохилдсон амгалантай, мөнх бус, амирлангуй, би үгүй хэмээх номын утгыг шүлэглэн номлосон маш яруу эгшиг дуу гарна. Гол мөрөн, бүрд усны захаар үзэсгэлэнтэй янз бүрийн эрдэнийн моднууд хол ойр үгүй жигдхэн ургасан буй бөлгөө. Мөн тэнд тэнгэрийн аялгуу эгшиг арван сая зуун мянган тоот цангилзуурын дуу сэтгэлд зохистойгоор эгшиглэнэ. Хэрвээ усыг нь хүйтэн болох болтугай хэмээн хүсвээс хүйтэн болно. Хэрэв усыг нь халуун болох болтугай хэмээн хүсвээс халуун болно. Ус нь сэрүүн бүлээн болох болтугай хэмээн хүсвээс сэрүүн бүлээн болдог байна. Тэнд ямар номын дууг сонсохыг хүсвээс тэр адилын дуу сэтгэлд зохистой тааламжтай сонсогддог. Тухайлбал бурханы дуу, номын дуу, хуврагийн дуу, чанадад хүрэхийн дуу, газрын дуу, хүчийн дуу, аюулгүйн дуу, бурхны ном үл адилын дуу, илт дор мэдэхийн дуу, тус тус үнэхээрийн ухааны дуу, хоосон ямагт, билэг үгүй, хүсэл үгүй, илт дор хурсан үгүй, эс төрөх хийгээд эс гарах бодитой үгүй, хаагдах үгүйн дуу, амирлангуй, машид амирлангуй, чухал амирлангуйн дуу, асрал их, нинж их, баясгалангуй их, тэгш ихийн дуу, эс төрөхийн номонд тэвчих хийгээд, эрх хайрлахын газрыг машид олох, хүсэл тачаалаасаа хагацах төгөлдөр, амирлангуй төгөлдөр, хорих төгөлдөр, ном төгөлдөр, бодийг огоот бүтээх, буяны үндэс төгөлдөр тэргүүтэн гүн утгын номыг сонсох бөгөөд тэрхүү дууг сонссоноороо дээд баясгалангуй агуу ихийг олох болой. Энэхүү ариун газар оронд нүглийн нэр ч үгүй бөгөөд, хилэнцийн дуу ч үгүй, муу заяанд одох, унахын дуу ч үгүй, зовлонгийн дуу ч үгүй болой ариун дагшин орон болно. Манал бурханы заларч буй ариун орны ердийн хүмүүсийн эрдмийг өгүүлэх нь • Тэр оронд халуун хүйтнээр энэлэн, зовох тэргүүтэн там, • Өлсөх ундаасах тэргүүтэн бирд, • Тэнэг мунхагийн эрхээр ачаа уналгаанд эдлэгдэх үхэр, морь ба хорхой шавьж тэргүүтэн адгуус, • Үргэлжид атаархал уур хилэнгээр алалдан тэмцдэг Асур лугаа эдгээр дөрвөн зүйлийн амьтад үгүй болой. Тэнд төрсөн хүмүүс там, бирд, адгуус, асурт хэзээ ч үл төрөх бөгөөд тэдгээрийн зовлонгуудыг амсах гэж ер байхгүй. Муухай зүстэй, муу ухаан санаатай, ядуу, ухаан билэг дорой, хилэнцэд дурлаад буянд үл дурлах ба сүсэг үгүй, тэрс буруу номтонгууд, буян нүглийг хольж үйлдэгч, худал яригч хатуу ширүүн чалчаа үг өгүүлэгчид, хорт муу санаатны зүйл , ширүүн хөшүүн авиртан, түргэн тавьтар үгүй ааштан, хэрэг үгүй үйлсээр явагчин үгүй болно. Тэнд төрөгсөд бүгд эрийн эрхтэн лугаа төгөлдөр бөгөөд эмэгтэйн дүр үгүй. Тэд ямагт бадам лянхуан цэцгээс хувилж төрөхөөс бус умайгаас ер төрөхгүй болой. Нүд, чих, гар хөл тэргүүтэн эрхтэн илүү, дутуу төрөхгүй, төрсний хойно ч эрхтэн дутуу болохгүй. Үзэх, харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх мэдрэхүйнүүд үлэмж төгөлдөр хөгжсөн байдаг. Аль ч орноос хэн ч үхэл егүүтгээд тэнд төрөх цагт түүнчлэн заларсан Манал бурханы ерөөл, адистидын хүчин ба өөрийнх нь буяны хүчээр нэгэн бадам лянхуан цэцэг ургаад тэр лянхуан навч хумсан хүйсэнд маш гоо үзэсгэлэнт бөгөөд эрхтэн хотол чуулган төгссөн хувцсаар чимэглэгдсэн нэгэн төрнө. Тэр даруйд лянхуан навч өөрөө дэлгэрэхэд түүний ойр байсан Бодьсадва нар түүнийг үзээд асран нигүүлсэхүйн сэтгэл хийгээд баясан мишээхүй дүрээр түүнд ийн хэмээн өгүүльюу. “Язгууртны хөвгүүн та сайн ажгуу. Та урьд төрөлдөө сайн буян үйлдсэнээрээ эдүгээ энэ бурхадын ариун оронд ирж төрсөн буй. Эдүгээ авралт дээд Манал бурханд мөргөж ном сонсогтун. Таны хүссэн хамаг хэрэг тус бүгд бүтэх болно” хэмээх тэргүүтэн зарлиг болгосонд бодьсадын адистэд ба өөрийн буянаар рид хувилгаан олж чин сүжиг бишрэлтэй болж Маналын дэргэд нисэн хүрээд үнэн бишрэлээр мөргөж, тахил өргөх ба ном сонсоход Манал, Аръяавал, Очирваань, Манзушир тэргүүтэн олон бурхад бодьсад нар бээр түүнийг сайшаан магтах ба дээд номын сургаал зарлиг хүртээх тэргүүтэн цаглашгүй болой. Мөн тэнд төрсөнөөр Манлын урьдын ерөөлийн их хүч ба орны адистэдээр ухаан тунгалаг, зөөлөн сайн аальт, сүсэг төгөлдөр хотол төгссөн зэрэг олон эрдэм чадалтай болно. Тэндхийн хүмүүс арван зургаа, арван долоон насны хиртэй идрийн цог золбоо дэлгэрсэн залуу байхаас биш нялх хүүхэд буюу үс нь цайсан, шүд нь унасан, бие бөгтгөр болсон махбодь суларсан тэргүүтэн өтөлж хөгширсөн настны дүр байдалтай биш юм. Тэд нар өвдөх, өтлөх, үгүйрэх ба эрх хүч нь барагдах, айж эмээх аюулгүй. Тариа тарих, худалдаа арилжаа хийх, эд идээ эрж хайх, хадгалах зэрэг бие сэтгэлийн зовлонгүй болой. Хүмүүс нь зажилж идэх бүхэл идээний зүйлийг үл идэх бөгөөд хэрэв ямар нэг идээ идэхийг сэтгэлдээ санаваас тэр даруйд аргын саванд нь өнгө үнэр, амт, хотол төгссөн идээ ундаа гарт нь ирнэ. Тэд тэр идээ ундаагаар Манла тэргүүтэн маш олон бурхан бодьсадва нарт тахил өргөөд өөрсдөө өчүүхэн амссан төдийгээр бие ханаж амгалантай болох даруйд сав, идээ үл үзэгдэх болно. Тэдэнд эзэд ноёд албат боолын ялгаагүй өөрийн янаг амраг, өшөөт дайсан хэмээн ялгаж алагчлалгүй бүгдээр эн тэгш сэтгэлээр нэг нэгнийгээ энэрэн туслах чин сайн санаатай болно. Тэдний биенээс хир, муу үнэр, хөлс, шүлс, нус, өтгөн, шингэн тэргүүтэн гарахгүй. Тэд бүгд үсээ хэлхсэн сувдан эрхээр хээлэн тэгшхэн цомбойлгон шуусны оройд үзэсгэлэнт эрдэнийн охь хатгасан байх бөгөөд үснийхээ заримыг дотогш нь сул унжуулан тавьсан. Магнайдаа элдэв үзэсгэлэнт эрдэнээс бүтсэн титэм зүүсэн, хоёр чихний дээрээс элдэв торгон манжлага унжуулсан нь анивалзан хөдөлнө. Мөн эрдэнийн сүйх, хүзүүний чимэг, давхар эрхи, гарын бугуйвч, хөлийн бугуйвч, сарвууны чимгүүдээр чимсэн тэнгэрийн торгон цээживч анилзуулан нөмөрсөн, янз бүрийн өнгөтэй торгон шантав үзэмжтэй өмссөн, алтан бүс бүсэлсэн ба давхар эрдэнийн бүснээс элдэв эрдэнийг хэлхсэн эрдэнийн торнуудыг унжуулан зүүсэн болой. Тэрхүү хувцас чимгүүд хиртэх ба хуучрах гэж байхгүй үргэлжид шив шинээрээ байх буй. Ямар хувцас өмсөж таалахыг бодож хүсвээс сэтгэлчлэн бүтэж түүгээр биеэ чимэх болой. Ер нь тэнгэр хийгээд тэндхийн хүн хоёр нь нэрийн төдий ялгагдахаас биш тэдгээрийн гоо үзэсгэлэн хувцас чимэг тэргүүтэн бүгд адил болой.Тэд Шанпрүл ванжэдийн тэнгэр лугаа адил юм. Тэд бүгд маш урт настай бөгөөд тэдний зарим нь ямар нэгэн орны амьтанд туслахын тулд ерөөлийн эрхээр үхэл егүйтгэхээс биш цаг бусын үхэл гэж байхгүй. Тэдэнд үхэх амь амьсгал тасрахын зовлон өчүүхэн ч байхгүй. Сүнс нь гарахад цогц нь үгүй болно. Цогц нь хоцроно гэж байхгүй. Тэд нарт таван зөн билэг төгөлдөр байдаг.Үүнд: 1. Рид хувилгааны зөн билэг: Энэ нь нэгэн агшинд зуун мянган наяд гольд ертөнцийн орон дор нисч хүрч чадах. 2. Урьд орныг даган дурьдахуйн зөн билэг: Энэ нь хэн боловч зуун мянган наяд гольд төрөлдөө аль аль оронд төрсөн, ямар ямар төрөлд төрж явснаа мэдэж чадах. 3. Тэнгэрийн мэлмийн зөн билэг: Энэ нь зуун мянган наяд гольд ертөнцийн оронд бурхад, бодьсадва зургаан зүйлийн хамаг амьтны жаргах зовох тэргүүтэн ямар байхыг болгоож байгааг харж чадах. 4. Чихний зөн билэг: Энэ нь зуун мянган наяд гольд ертөнцийн орон дахь Бурхдын ном номлохыг сонсож чадах. 5. Бусдын сэтгэлийг мэдэхийн зөн билэг: Зуун мянган наяд гольдийн ертөнцийн амьтан нугууд сэтгэлээсээ юу санаж бодож байхыг мэдэж чадах зөн билгүүнтэй байна. Тэд өглөө бүр олон зуун мянган наяд гольд тоот бурхдын орнуудад хүрээд тэдгээр бурхдуудад хүж, зул, шүхэр, туг, банзад, хувцас чимэг, яруу хөгжим зэрэг элдэв зүйл тахилуудыг хувилгаж тахил болгон өргөж байдаг. Мөн тэнд өөлшгүй сайн гэр, хот балгад маш элбэг байдаг. Түүнийг энэ миний орон, чиний орон хэмээн булаацалдах харамлах зүйл байхгүй хэн ямар гэр орныг хүсвээс сэтгэлчлэн бүтдэг. Түүнд долоон мянган тэнгэрийн охидоор хүрээлүүлж тэнгэрийн хуур хөгжим тэргүүтэн наадам цэнгэлээр баясан жаргах бөлгөө. Тэд нар хэдий жаргалд эзлэгдэх боловч тэдэнд тачаангуйн сэтгэлийн ухаан төрөхгүй. Номоос алгасрах гэж огт байхгүй бөлгөө. Манла бурхны заларч буй ариун орны Ширваануудын эрдмийг өгүүлэх: Манлын нөхөд нь Ширваан, Бодьсадва тэргүүтэн болно. Ширваануудыг эрдэм ба рид хувилгаанаар нь дээд, дунд, бага гэж гурав ангилж үзнэ. Ширваанууд нь бурхнаас шүтэн барилдлагааны гүн номлолуудыг сонсохын зэрэгцээ маш олон рид хувилгаадыг төгссөн байдаг. Ширваануудын багын эрдэм, хувилгаан л гэхэд гурван мянган ертөнцийн орон дахь огторгуйн од бүгд хэчнээн тоотой болохыг зөвхөн нэг хоногт тоолж чадах болно. Үүнээс үзэхэд дээд, дундын эрдэм, рид хувилгаан хэрхэн болох нь ойлгомжтой. Тэр оронд бага эрдэмтэн рид хувилгаантнаас их эрдэмтэн рид хувилгаантан нь үлэмж их байх бөгөөд тэдгээрийн тоо нь хэмжээлшгүй болой. Тэд дээр өгүүлсэн ердийн хүмүүсийн эрдэм, хотол чуулган бүгд төгссөн бөгөөд бүгдээрээ нүгэл хилэнцийн уналаас ангижирсан болой. Тэдний маш номхон дүр, зөөлөн алхах, гишгэх, явах суух, үг зарлиг тэргүүтэнг үзсэн сонссон хэн боловч сүжиг төрнө. Тэд нар өдөр бүр тоолшгүй ертөнцийн орон дахь бурхдын дэргэд очоод цаглашгүй номын рашааныг хүртээд өөрийн орондоо ирж, номын утганд тэгш орно. Тэдгээрийн үс нь үс авснаас хойш долоо хоног болсны хэртэй бөгөөд биедээ лагой, тангой, намжар гурван номт хувцсыг маш үзэсгэлэнтэй нөмөрсөн байна. Зарим нь Манла бурхны дэргэд ном сонсож байхад зарим нь бусад амьтан нугуудад ном номлож байх, зарим нь номын тулд нааш цаашаа нисэн явах, зарим нь мутартаа дулдуй бадар аяга барьсан, номыг таалан болгоож бусдад рид хувилгааныг үзүүлэн, номын зүгт удирдан тэргүүлэх зэрэг элдэв номт үйлийг үзүүлэх болой. Тэд нарын биенээс нэг алд хирийн гэрэл цацран бадарч гялбалзан туналзаж байх бөлгөө. Тэд үйл нисваанисын аюулаас сайтар гэтэлсэн. Гайхамшигт хутугт аяга тахимлаг ширваан нугууд дээд гурван аймаг савын номуудыг дотроо багтаасан, үлэмж ариун гурван суртгаалд орсон бөгөөд бусад эс гэтэлсэн амьтанд сайн замыг заагч газарчин мэт болсон ширваануудын чуулган гайхамшигтай болой. Манла бурхны заларч буй ариун орны Бодьсадва нарын эрдмийг өгүүлэх нь: Тэр оронд хязгаарлашгүй эрдэм төгөлдөр, тоолшгүй олон бодьсадва нар буй бөлгөө. Тэд нарт дээр өгүүлсэн ердийн хүмүүсийн эрдэм, Ширваануудын эрдэм хотол бүгд бүрдсэн эзэмшсэн болно. Тэд нарт бусдын тусыг бүтээх гэсэн асар их асран нигүүлсэхүйн бодь сэтгэл үлэмж их болой. Үлгэрлэвээс хэн нэгэн баруун талаас нь сүжиг бишрэлээр ихэд хүндлэн элдэв зүйлийн сайхан цэцгийг тахил болгон өргөж байхад, зүүн талаас нь хэн нэгэн маш уурлан хилэгнэж, цогтой их галыг цацаж байхад хоёуланд нь ялгал үгүй тэгш сэтгэлээр тэднийг асран энэрэхүйн үлэмж сэтгэлийг үүсгэж байдаг. Мөн сайн муугийн ялгааг өчүүхэн ч үл мэдэх нялх балчир хүүхэд нь зуун мянган алд их өндөр цавчим хадны ирмэг рүү гүйж улам ойртон унах шахаж байгаа хүүгээ харсан эх нь хаднаас унаж үхэхээс аврахын тулд элдэв арга ухаанд маш их яарах мэт мунхгийн эрхээр хүнд нүглийг үйлдэж тамд унасан, унах гэж буй тэр хилэнцэт амьтдыг тамын зовлонгоос аврахын тулд Бодьсадва нар дээрхи эх лүгээ адил шамдан амьтанд л тус болвоос аюулт тамын их галд орохоос ч үл огоорох болой. Бусдын тусыг үйлдэх асрал, нигүүлсэхүйн бодь сэтгэл үлэмж төгөлдөр болой. Тэдний эрдэнийн титэм болон янз бүрийн торгон шантав эрдэнийн чимгээр чимсэн биеэс зуун мянган гольд тоот бээрийн чанадад хүртэл олон өнгийн гэрэл цацарч байх болой. Заримууд нь өөлшгүй эрдэнийн хот балгадын дотор тэгш агуулан дияанд орших ба зарим нь огторгуйд нисч биеэсээ элдэв өнгийн гэрэл цацруулах, огторгуйд завилаж суух, зогсох, биеэсээ хур оруулах, биеэ олон болгон хувилгах, элдэв өнгө дүрийг үзүүлэх, элдэв амьтдыг номын зүгт сүжиглүүлэх зэрэг рид хувилгааныг үзүүлэх болой. Зарим үед тэд ертөнцийн орон дахь бурхдын дэргэд одож ном сонсох, зарим цагт Манла бурхны гэгээн ном сонсох ба олон нөхдөд ном номлох тэргүүтэн цаглашгүй дээд зохиолоор оршин ахуй бөлгөө. Ариун оронд Манзушир, Очирваань, Жалбисарабу, Жавдолдан хийгээд нар адил Намбар нанзад, сар адил Намбар нанзад тэргүүтэй олон мянган бодьсадва нар өөд болон заларч байна. Замбуутивийн орноос нирваан дүр үзүүлсэн их мэргэд лам, буянтан бодьгал нугууд тэр орноо бодьсад ба ширвааны дүрээр өөд болон заларч байгаа нь магад олон болой. Урьдын дээдэс мэргэд ч энэ талаар зохиол намтарт номлосон байдаг. www.budda.mn
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо