Шашны хэлмэгдүүлэлт

Судлаач Н.Амгалан

Монголчууд бид эвлэрэн нэгдэж их гүрэн байхдаа ч, сулран хүчгүйдэж бага хаадтай улс гэр байхдаа ч зан заншил, уламжлалт шашин соёлоо хадгалж байсан гэгээлэг ард түмэн байсан. 

Өнөө хир үлгэр домог мэт яригдаж байсан зүйлүүд орчин үеийн шинжлэх ухаан хөгжихийн хирээр ойртож бид бүхний хүлээн зөвшөөрдөггүй байсан олон зүйлүүдийг гайхан бишэрч хүндэтгэн хүлээн авах болжээ. 21 р зууны шинжлэх ухааны өрнө дорнын эрдэмтэн мэргэдийн судалгаа ч бидэнд нэгийг бодогдуулж шашин соёл маань ямар их үнэтэй ямар том хөгжлийн гарц вэ гэдгийг тод томруунаар харуулж эхэллээ. 
Өндөр хөгжилтэй томоохон орнуудад  Буддын институт олноор байгуулагдаж төр улс бол шашин соёлтой хамтран хөгжих ёстой гэдгийг зарлан тунхаглаж буй нь  өнөөгийн ертөнцийн хүмүүн бид хэт гадна талын материалаг эд зүйлсээр хөөцөлдөж дотоод оюун санаа сэтгэлийн хүчээ таягдан орхисноор хүн байхын утга учрыг гээж байна гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг батлан байна. Өнөөгийн бидний авир байдлыг ажиглавал идэш тэжээлээ хайж буй адгуус араатнаас ялгаагүй шахам байна. 

Бид оюун санааны хувьд ингэж ядуурч байсан үе цөөхөн байсан гэдгийг өнгөрсөн түүхийн хуудсууд хэлж өгдөг. Уламжлалт шашин соёл маань дэлгэрэн хөгжиж байсан түүхэн үеүүдэд монголчууд бид ёс суртахууны хөгжил өндөр, ертөнцийг үзэх үзэл нь төлөвшин бий болсон, байгал дэлхийгээ хайрлаж хүн байхын утга учраа бүрэн таньж чадсан байсан нь бидний өвөг дээдэс ямар их ухаант ард түмэн байсныг бэлхэн харуулна. Бид өөрсдийн өв их соёл уламжлалаа устгасан гашуун түүхтэй улс. Буруу үзэлтний үзэл онолд хэт туйлшран гэм зэмгүй олон иргэдээ  хилсээр хэлмэгдүүлэн алтан амийг нь хүртэл сүйтгэж байсан цаг үеийг бид бүхэн хэзээ ч мартаж болохгүй.  Лам сүм хийдийг хэлмэгдүүлэхдээ урьдчилсан нарийн судалгаа явуулж, лам сүм хийдийн тоо байршилыг тогтоож, хийд тус бүрийн жаяг түүхийг гаргуулан авч, лам нарыг дээд доод дунд хэмээн ангилан  гавж аграмба, хутагт хувилгаад зэрэг шашны шилдэг боловсролтонгуудыг сорчлон шашныг үндсээр нь устгах бодлого баримталж   үүнийгээ ч хэрэгжүүлжээ. 

Өдгөөг хүртэл хэлмэгдүүлэлтийг зөвхөн хүн талаас нь ярьж цагаатгалыг нэр төр сэргээх, ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгох журмаар шийдэж иржээ. Харин монголын олон номын мэргэд, гэм зэмгүй ард түмэнтэй хамт устсан шашин соёлын талаар бид бага ярьж байгаа учраас шашны хэлмэгдэл гэсэн энэхүү асуудлыг хөндөн ярихаар шийдлээ. Тэгвэл чухам хэлмэгдэн устсан Бурханы шашин  гэж юуг хэлэх вэ?  Тухайн үеийн хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэд, эгэл лам нарын сэтгэл оюунд оршиж байсан ёс суртахуун, бясалгал бүтээл, дорнын сонгодог мэдлэг боловсролыг хэлж байгаа юм. Шашны үзэл онлоор бол дээдийн ном бол нэгэн насны бие цогцос, амь настай зүйрлэшгүй үнэт зүйл юм.
 Нурж сүйтгэгдсэн сүм хийд, ном судар, харь оронд ачигдсан бурхан шүтээн, урлагийн хосгүй нандин бүтээлүүд нь монголын үе үеийн мэргэдийн сэтгэл оюунд орших бурхан шашны  мэдлэг  боловсролоос үүдэн гарсан болохоор  шашны боловсрол нь ямар үнэт зүйл болох нь тодорхой.  Шашны хэлмэгдлийн хор хохирлыг тодорхойлоход бурханы шашны монголын түүхэнд эзлэх байр суурь, их хэлмэгдүүлт буюу 1937 оноос өмнөх  шашны хөгжлийн төвшинг ярих нь зүйтэй болов уу. Бурханы шашин нь монголчуудын үе үеийн түүхтэй холбогдох бөгөөд монголчуудын түүх соёл, үндэсний өвөрмөц онцлогыг бурханы шашингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Бурханы шашин нь Монголын түүхнээ гурвантай төрийн шашинаар өргөмжлөгдсөн бөгөөд энэ нь Их Нирун, Их Юан, Богд хаант Монгол улсын үетэй холбогдоно. 

Бурхан багш одоогоос 2550 гаруй жилийн тэртээ өөрийн сургаал номлолоо айлдсанаар дэлхийн соёлын үнэт өв болсон Бурханы шашин дэлгэрч дэлхийн олон ард түмний оюун санаа, зан заншилд ихээхэн өөрчлөлт нөлөө үзүүлсэн юм. Бурхан багш бусад шашны адил библи, коран гэх зэрэг ганц хоёр номоор хязгаарлалгүй асар их хэмжээний сургаал ном айлдсан бөгөөд түүний сургаалыг дотоод гүн ухаан, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, одон зурхай, урлахуй ухаан, дуун ухаан зэрэг олон чиглэлээр ангилдаг юм. Монголчууд олон зууны турш Бурханы шашныг шүтэн бишэрч дэлгэрүүлэн хөгжүүлж ирсэн бөгөөд буддын шашин Монголд дэлгэрсэн цаг хугацааг түрүү үеийн дэлгэрэлт (МЭӨ III-ХII зууныг хүртэл), дунд үеийн дэлгэрэлт (XIII-XV зуун), хожуу үеийн дэлгэрэлт (XV зуунаас өнөөг хүртэл)-ийн үеүүдэд хамруулан авч үздэг. 
     
1-р үе. Монголын эртний Хүннү улс МЭӨ III, I-р зууны үед төв Азид хүчирхэгжин төр улсаа байгуулж байхдаа Бурхан шашин шүтэж байсан байна. Түүний нотолгоо нь Хан улсын үед Хүннү нараас олзлон авсан алтан бурханыг түүхэнд “Хүннүгийн алтан бурхан” хэмээн түүхчид үздэг юм. Хүннү нарын дунд дэлгэрч байсан бурханы шашныг Монголын бусад аймгууд цааш нь залгамжилж, тухайлбал Сяньби нар (II-IV зуун) бурханы шашны зан суртахууны тухай сургаалыг ихэд чухалчилан үзэж баримтлан биелүүлж байсан бөгөөд  Нирун  улсад (330-555 он) бурханы шашин дэлгэрч байсан байна. МЭ 307-581 онд монгол угсаатан Тоба улсын үед буддын 6578 сүм, 77258 ламтай байсан ба 510 онд 13000 сүм хийд, нэг сая ламтай болж байсан түүхэн баримт цөөнгүй байна. Кидан нар өөрийн гүрнийг байгуулахаас өмнө 902 онд бурханы шашны анхны сүм байгуулжээ. Киданы үеийн бурханы шашны дурсгал болох Дорнод аймгийн Цагаан овоо суманд буй Хэрлэн барс хотын үлдэгдлээс олдсон бурханы хөргийн хэлтэрхий суврага зэрэг байна.Уйгар улсын үеийн бурханы шашны сүм хийдийн туурь үлдэгдэл өнөө хир байна. Ялангуяа Уйгарын Багочир хааны байгуулсан Эрдэнэ-зуу хийд, түүний хатан Бибилигийн байгуулсан Бийбулагийн зуу нарыг дурьдаж болно.  

2-р үе. Монголын бурхан шашны дунд үеийн дэлгэрэлт нь ХIII-р зууны үеэс эхлэлтэй. Монголын эзэнт гүрнийг байгуулагч Чингис хаанаас эхлээд Тогоонтөмөр хааныг хүртэл Их хаад бүгд Төвдийн Саж, Гармавын ёсны их багш нартай номын барилдлагаа тогтоож төрийн их багшаар залцгааж байв. Шашны түүхтэй холбоотой хадан агуйн ором, дуган  байдгийн нэг нь “Аржийн уулын хадан дуганууд” юм. Энэ хадан агуйн хана туурганы зураг хийгээд ялангуяа бичгийн дурсгалуудаас үзвэл олонх нь Юань улсын үед хүчтэй дэлгэрч байсан Сажын ёсны шашинтай холбогддог. 1271 онд Дадугийн цагаан суврага төвтэй Бурханы шашны цогцолборт хааны алтан ургийн шашин, мөргөлийн үйл ажиллагаа, ёслол хийхийн хамт бурханы шашны ном судар орчуулах, бар хэвлэлийн газар зэргийг байгуулж байсан түүхэн баримт ихээхэн байна. 
     
3-р үе. Монгол оронд шашин номын дэлгэрэлтийн хожуу үе нь Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хаан хоёр III-р далай лам Содномжамцад заллага айлтгаж Эрдэнэ зуу хийдийг сэргээсэн түүхэн цаг үетэй холбож үздэг. Энэ үеэс эхлэн шарын шашин Монголд хүчтэй дэлгэрч эхэлсэн бөгөөд Монголчууд  энэхүү шашныг сурч судлан  соёл, зан заншил, нүүдэлчдийн аж ахуй, амьдралд тохируулан Монголын гэсэн өвөрмөц дүр төрхтэйгээр өөриймшүүлж авсан байна. Улмаар дэлхийд Монголын бурханы шашин хэмээх их нэр хүндтэй болтол нь хөгжүүлэн дэлгэрүүлсэн юм. 1586 онд Автай сан хааны санаачлагаар шашны хутагт хувилгаад, эрдэм номтой лам, ард, сүсэгтэн олны хүч дэмжлэгээр (эрдэнэ зуу) сүм хийдийг сэргээн байгуулснаас хойш 350 гаруй жилийн хугацаанд монголчууд 1200 гаруй сүм хийдийг Монгол, Төвд, Хятад,  дорнын уран барилгын аргаар хослуулан олон арван мянган уран бүтээлчдийг татан оролцуулж барьж байгуулан дэлхийн соёлт ард түмэнтэй нэгэн адил хотжих, барилгажих ажлыг гүйцэтгэж ирсэн. Түүнийг ард түмний оюун ухаан, ихээхэн хүч, эд хөрөнгө, ур ухаан, сүжиг бишрэлээр бүтээсэн тул хэзээ ч дахин давтагдашгүйгээр дэлхийн ард түмэн хараад ханашгүй үзэсгэлэнт дүр байдалтайгаар бүтээсэн байжээ. Сүм хийдүүд нь зөвхөн шашны үйл ажилгаа явуулаад зогсохгүй Монголын хот, соёл иргэншилийн төвүүд байж  гүн ухаан, эмнэлэг, урлахуй, зурхай, дуун ухаан зэрэг олон арван салбар ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээжээ. Тэр үеийн Монгол орон нь  дорнын  шинжлэх ухааны салбар, соёл урлаг хөгжин дэлгэрсэн, шашны сургуулиар дамжуулан боловсрол олгодог сургалтын шаталсан тогтолцоотой, хүн амын тодорхой хувь нь бичиг үсгийн болон гадаад хэлний боловсролтой, нүүдлийн соёл иргэншил бүхий улс орон байжээ. 
      Гэвч гадны дарамт шахалт коммунист үзэлд хэт автан өөрийн ард түмний олон зууны турш хийж бүтээсэн монголын соёлын өв болох үнэ цэнэтэй 1200 орчим хийд дацангийн уран барилга, байгууламжыг эвдэн нурааж, оюуны өмч болох хэдэн зуун мянган боть ном судрыг галдан шатааж, бурханы дүр гэгдэх урлагын бүтээл болсон олон мянган уран зураг, хатгамал, сийлбэр, цутгамал, хөөмөл, баримал болон шашны зан үйлийн эд өлгийн зүйлийг устгасан нь хэзээ ч дахин нөхөгдөшгүй гарз хохиролыг Монголын ард түмэнд авчирсан юм. Хамгийн эмгэнэлтэй нь Монгол дацангийн сургалтаар боловсрол олсон, тэр дундаа эрдмийн зэрэг хүртсэн лам сэхээтний давхарга хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн явдал байв. Үүний улмаас Дорно дахины шинжлэх ухааны танин мэдэхүйн олон салбараар хөдөлмөрлөсөн Монгол, Төвд, Энэтхэгийн үе үеийн агуу сэтгэгчид, мэргэдийн нээлт, бүтээл, онол практикийн ач холбогдолоо алдаж, түүний үр шимийг хэдэн мянган жил хүртэж ирсэн ард түмэн оюуны хоосролд орж, цаашид хөгжих орчин нь манай улсын тухайд бол бүх талаар хязгаарлагджээ. Ийнхүү Монголын төдийгүй Азийн соёлын нэг гол төв, сургалт эрдэм шинжилгээний байгууллага байсан шашны сүм хийд дацанг устган Азийн соёл иргэншилийн ул мөрийг монголын хөрснөөс арчин хаяснаар Азийн монгол европ маягийн соёл иргэншилтэй, шашингүй үзэл ноёрхосон, нийгмийн бүхэл бүтэн формацыг алгассан үлгэр болохуйц “социалист” орон болон загварчлагдсан байна. Өнөөдөр монголчууд Монгол орноо дэлхийд таниулан ойлгуулах гэж тал бүрээр хүчин чармайж байгаа орчин үед бидний өвөг дээдсийн минь бүтээсэн тэрхүү олон сүм дуган, барилга байгууламж, соёлын үнэт өв устаж үгүй болоогүй байсан бол дэлхийн өв соёлын хамгаалалтанд бүртгэгдэхээр үл барам дэлхийн олон үндэстэн түүнийг нүдээр харж, сэтгэлээ ариусгаж, сурч судалж хамтран ажиллахаар манай орон луу аялал жуулчлалын дардан зам аль хэдийн тавигдсан байх биз ээ. Коммунист үзэл бодлын гайгаар өнгөрсөн 70 гаруй жилийн турш Монголынхоо үнэн түүхийг гуйвуулан өнгөрсөн үеэ бүдүүлэг харанхуй, соёлгүй байсан мэтээр кино, жүжиг, ном зохиол, олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглан буруу сурталчилсан явдал нь залуу үеийг түүх соёлоо буруугаар ойлгох, эх орноороо бахархах сэтгэлгүй, арчаагүй зан суртахуунд хүргэж байгаа бөгөөд одоо ч гэсэн хүмүүсийн оюун ухаанд тэр үеийн буруу ташаа ойлголт гүн гүнзгий шингээстэй хэвээр байна. Ийнхүү түүхийг буруутгасан үйл явдлыг цаашид засаж залруулах юм бол ирээдүй хойч үеийнхэн маань өвөг дээдсийнхээ эх орныхоо төлөө хийж бүтээсэн, зорьж зүтгэж явсан гэгээлэг ухааныг ойлгон түүнийг хүндэтгэдэг эх оронч үзэл бодолтой иргэн болон хүмүүжих нь дамжиггүй.  
1937 оноос өмнө Монгол дахь бурханы шашны хөгжил хир өндөр түвшинд хүрснийг Их хүрээгээр жишээлэн авч үзье. Их хүрээ нь Өндөр гэгээний үеээс 8 р Богд хааны үе хүртэл 300 орчим жилийн хооронд жилээс жилд өргөжин дэлгэрсээр түм гаруй шавьтай болсон Монголын шашин соёлын томоохон төв байв. Өндөр гэгээний үед байгуулсан Андуу нар, Жас, Сангай, Зоогой, Өрлүүд, Хүүхэн ноён, Дархан эмч зэрэг аймгаас тасран 20 р зууны эхэнд Хүрээ 30 аймаг, 11 том дацантай болсон байна. 
11 дацан нь: 1. Дашчойнпэл, 2  Гунгаачойлин, 3 Идгаачойлин, 4 Жүд дацан Дэчинсанаглин, 5 Дүйнхор, 6 Ламрим дацан, 7 Бадам ёго, 8 Эмч нар, 9 Зурхай дацан, 10 Майдар дацан, 11 Жанрайсиг дацан  болно.  Их хүрээний  олон дацангууд нь шинжлэх ухаан танин мэдэхүйн салбар чиглэлийн мэргэжлийн сэхээтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ба үйлдвэрлэлийн байгууллага ерөнхий ба бага дунд тусгай мэргэжлийн боловрол олгох бага дунд ахлах сургуул их дээд сургуулуудын нэгдмэл тогттолцоо мөн. 1937 оноос өмнө өрийн оршсон цаг хугацаандаа үндэсний дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгааы ажил эхлүүлэх эрдмийн цол зэрэг олгох сургалт эрдэм шинжилгээ судалгааны байгууллага дацангууд байжээ. Дацангийн сургалтаар гүн ухаан, тоо зурхай, анагаах ухаан, урлах ухаан, хэл зүй, түүх судлал зэрэг олон зүйлд мэргэшин  боловсрол олсон лам хуврага нар монголын үндэсний сэхээтний цөм байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд нотолгоо нь тэдгээрийн дотроос олон зуу нь эрдэмтэн мэргэд төрөн гарч шинжлэх ухааны сан мэдлэгт жинтэй хувь нэмэр орууж урлаг соёлын дахин давтагдашгүй бүтээлүүдийг бүтээж үндэсний сэхээтэн бэлтгэхэд нөр их хөдөлмөрөө зарцуулж байсан явдал юм. Эдгээрийн дотроос чойр гүн ухааны дацангийн сургалтыг товчхон өгүүлэхэд:

Жишээ нь Дашчойнбал дацан гэхэд Хадагаас Гаарамба бүг хүртэл 16 зиндаатай (анги), хорин жилийн сургалт, гэвш гавж зэрэг эрдмийн цол хамгаалдаг   сургалтын тогтолцоотой байсан байна. 
Жилд сарын 4, 20 хоногийн 2, 15 хоногийн 2, нийт найман чойрыг  өглөө  өдөр, оройн гэсэн гурван хэлбэрээр хурж Энэтхэг Төвдийн их бандида нарын туурвисан гүн ухааны номыг  хэлцэн мэтгэлцэх аргаар нарийн судлаж шашны гүн боловсрол эзэмшдэг байжээ.  Чойцам буюу чойроос бусад  үед багш нараараа ном хөтлүүлэн гэрээрээ ном үзэн чойрын мэтгэлцээнд бэлтгэдэг байв. Харин бусад дацангууд харилцан адилгүй бөгөөд жишээ нь эм зурхайн дацангууд нь 10 жилийн сургалтын тогтолцоотой байсан байна. Ийнхүү Их хүрээ нь Монгол орны соёл боловсролын төв болж 300 д жил шашны хөгжлийг оройлсон байна. Тухайн үеийн Монгол оронд байсан 1200 д сүм хийд нь  тус тусын нутгийн сургалт боловсролын төв байсан бөгөөд тэдгээр сүм хийдээс дэвшин Их хүрээнд ирж суралцдаг сургалтын сүлжээтэй байжээ.  Сүм хийдийг нээж хаах журам машид нарийн, засаг захиргааны бүтэц  зохион байгуулалт эмх цэгцтэй байсан нь шашны хэрэг эрхлэх газар  эрдэнэ шанзадвын яам, сүм хийдийн хоорондох хууль эрх зүйн орчин оновчтой мэргэн байсны ач . Их хүрээ тэргүүлсэн тухайн үеийн хийдүүд бурханы винайн ёсыг чанга баримтлан хот суурингаас тусгаарласан тусгай хил гортигтой оршиж, лам хуврага нар  ариун сахил санваар дээр суурилсан ном эрдэмд боловсорч, үдэш орой орон хийдийн хил гортигийг үл даван эгэл  хар хүмүүсийг горломд хонуулдаггүй ариун номын газар байжээ. Лам хуврага нар эгэл гэргийтний ёсыг тэвчин бүхий л амьдарлаа хийдийн горлам дотор өнгөрүүлдэг тул сүм хийд нь лам нарын гэр орон, эрдэм боловсрол эзэмшдэг сургалтын газар байв.
Чухам тэр үеийн шашны хөгжил  голдирол нь сонгодог хэлбэрээр оршиж  байсан тул монгол лам , хутагт хувилгаад нарын дотроос олон зуун их сэтгэгчид, эмч, зурхайч, уран дархан, яруу найрагч, соён гэгээрүүлэгч нар төрөн гарсан юм. 

Их хэлмэгдэлт болсон тэр он жилүүдэд шашин маань хэлмэгдэж асар их гарз хохирол амссан бөгөөд тэр их хохиролыг үнэн зөвөөр нь ард түмэнд ойлгуулах, засаж залруулахад бага ч атугай нэмэр болохыг хүсэж шашны хэлмэгдлийг доорх 9 зүйлээр  дурьдаж ирээдүйд зайлшгүй хийх шаардлага бүхий саналаа илэрхийлж байна.
                1.Нэн эртнээс уламжлагдаж ирсэн шашны боловсролын тогтолцоо устгагдан үгүй болжээ.
             Олон зууны туршид бодит туршлага хуримтлуулан баяжигдсан Бурханы шашны уламжлалт боловсролын тогтолцоон дээр тулгуурлан Монголын олон зуун эрдэмтэн мэргэд,  соён гэгээрүүлэгч нар төрөн гарсан бөгөөд хэдий чинээ эрдэмт мэргэд олон арваар төрөн гарна төдий чинээ ард олон, улс нийгэмд саруул ухаан хөгжин дэлгэрч улмаар саруул сайн ухаанаар амьдрал ахуй, хойч үеээ тэтгэдэг учиртай. Гэтэл ард олон, улс нийгмийн хөгжилд энэ мэт асар чухал байсаар ирсэн боловсролын энэ тогтолцоог коммунист дэглэмийн дор бүрэн устаж үгүй болгосон ба үүнийг эргэн сэргээх тал дээр ямар ч дорвитой алхам өдийг хүртэл хийгдээгүй байна. Тиймээс улс нийгмийн хөгжил дэвшил, ялангуяа оюун ухааны эрин зуун болсон энэ цагт хүмүүний дотоод сэтгэлгээний хөгжилийн ур чадварыг хадгалж ирсэн Бурханы шашны уламжлалт боловсролын тогтолцоог хөгжүүлэх тал дээр дорвитой, чанартай арга хэмжээг авах нь зайлшгүй чухал болсон байна.
             2. Шашны засаг захиргааны нарийн дэг жаяг, бүтэц зохион байгуулалт устаж үгүй болсон байна. 
          Бурханы шашин нь Монгол оронд олон зуун жилийн туршид оршин тогтохдоо өөрийн өвөрмөц дэг жаяг, ялангуяа Бурхан багшийн айлдсан винайн ёсыг чандлан дагаж, үндсэн зарчмаа болгож ирсэн юм. Үүний завсарт сүм хийдийн засаг захиргааны хууль тогтоомжыг гарган мөрдөж, ялангуяа сүм хийдийн асуудлыг хариуцсан нэгдмэл том бүтэц буюу Шанзавын яамыг ажиллуулж байсан нь Бурханы шашин улс орон даяар хиргүй ариун, дэг жаягийн дагуу дэлгэрэн хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ олон арван сүм хийдэд хараа хяналт тогтооход үндсэн үүрэг гүйцэтгэсэн байна. Тиймээс эдүгээ шашны дотоод нарийн дэг жаяг болон засаг захиргааны бүтэцийг уламжлалт болон орчин үеийн бодит байдалд тулгуурлан сэргээх тал дээр дорвитой алхам хийх хэрэгтэй байна.
         3. Шашны нэр хүндийг нийгэмд унагаах өргөн цар хүрээтэй ажлыг олон жилийн туршид хийсэн бөгөөд энэхүү уршигт үйл ажиллгаа одоо ч үргэлжилсээр байна. 
        Коммунист дэглэмийн дор Монгол оронд үзэл сурталын дарамт шахалтыг өргөн цар хүрээтэй явуулж Их Монгол оронд хөгжин цэцэглэж, ард олныг соён гэгээрүүлж, бүр цаашлаад дэлхийд танигдах эдийн болон эдийн бус соёлын үнэт өвийг бүтээн байгуулсан Монголын Бурханы шашны хиргүй ариун нэр хүндийг гутаан доромжилж, асрал нигүүлсэл, гүн гүнзгий сургаал номлолыг чухам муу муухай, улс нийгэмд уршиг таригч хар тамхи мэтээр мэдээлэл түгээх бүхий л сувгаар ухуулан тайлбарлаж, түүхийг гуйвуулсан юм. Жишээ нь нэгэн цаг үед асар хүчирхэгжсэн Манжын эрхшээлд Монгол улс тусгаар тогтнолоо алдсаныг гагцхүү Бурханы шашнаас болсон гэж ул мөргүй гүтгэх, олон жилийн дайн тулааны хөлд чирэгдсэн Монгол ард түмнийг Бурханы шашны уршигаар номхон хүлцэнгүй арчаагүй болсон мэтээр учир шалтгааны бодит үндэслэлгүй доромжлох, өнөөдөр ч гэсэн үр дүнтэй гэдэг нь батлагдсаар байгаа ургамлын гаралтай эм, эмчилгээг гүтгэн гутааж дан хор өгч байсан мэтээр сурталчлан уламжлалт анагаах ухааны олон эрдэмтэн маарамба нарыг бүрэн үгүйсгэж , Богд Живзундамбыг тэмбүүнд баригдсан мэтээр гүтгэн доромжилж  одоо ч ийм мэдээллийг түгээсээр байна. 
         4. Шашны зүтгэлтэн нарын нэр хүнд, гавъяа зүтгэл зэргийг нийгэмд унагаан доромжлох, түүхийг гуйвуулах үйл ажлыг олон жилийн турш асар чармайлтаар гүйцэтгэсэн бөгөөд үүний улбаа одоо ч үргэлжилж байна. 
        Эгэл лам хуврага, эрдэмт мэргэд, төр, шашны зүтгэлтэн, эх оронч, соён гэгээрүүлэгч нарыг  зөвхөн лам хуврага гэсэн үндэслэлээр тэдний хийж бүтээсэн  гайхамшигт, ховор нандин бүтээлийг үгүйсгээд зогсохгүй улам бүр гүтгэн доромжилж, ард түмний дайсан, эх орноосоо урвагч, шунахай сувдаг, ард түмнийг мунхруулагч мөн хэмээн гавьяа зүтгэл, эрдэм бүтээлийг нь үгүйсгэсэн юм. Ингээд зогсохгүй ном зохиол, дуу бүжиг, жүжиг ший, уран сайхны болон баримтат киног олон жилийн турш бүтээж байсан бөгөөд нийтийн хүртээл болгож байсан. Ийнхүү түүхийг гуйвуулсан, номхон дөлгөөн эгэл лам хувраг, төр шашны зүтгэлтэн нарыг доромжилсон кино, жүжиг, дуу, бүжиг, хошин шог зэргийг ямар нэгэн зүүлт тайлбаргүйгээр улс тунхагласан баяр тэргүүтэй чухал ач холбогдолтой цаг үеэр олон нийтэд цацаж одоог хүртэл ард түмний тархийг угаасаар байна. Төр үүнд анхаарал хандуулан яагаад зогсоож болохгүй гэж. Монгол улсын маань нандин өв нэрийн хуудас  болсон аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн   энэ хэдэн сүм хийдээ гутаасаар байх уу.
       5. Шашны боловсролын тогтолцоо алдагдахын зэрэгцээ сүм хийдүүдийн өвөрмөц өнгө төрх, нийтийн бус онцлог талууд алдагдаж байна. 
      Шашны боловсролын тогтолцоо төдийгүй сүм хийдэд цэцэглэн хөгжиж байсан хурлын зан үйл, ая дан, чог чаглэн, Монголын ард түмний хосгүй соёл болсон зурхайн ухаан, эмнэлэгийн ухаан, гүрэм засал, тэргүүтнийг  коммунист засаг устгаж үгүй хийсэн юм. Жишээ нь Монгол лам нарын зохиол бүтээлүүд, Шамбалын чог, Сүнчиндинаан чог, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжмийн ая дан, Хүрээ цам, Майдар эргэх ёс, бясалгал бүтээл гэх тэргүүтэн устсан бөгөөд үлдсэн жоохон нь одоо ч устах дөхөөд байна.
      6. Их хэлмэгдүүлэлтийн үеийн лам нар, сүм хийд болон улс оронд учирсан хөрөнгө хохиролын судалгаа одоог хүртэл хийгдээгүй байна.
      Лам нар болон сүм хийдүүдийг хэлмэгдүүлэхдээ хувийн хөрөнгө, сүм хийдийн хөрөнгийг бүрэн хураасан байдаг. Байшин барилгыг нурааж үлдсэн зармийг нь сум аймгийн засаг захиргаанд шилжүүлэн өгч өөр зориулалтаар ашигласан байх юм. Тэгсэн хэрнээ өнөөг хүртэл хэдий чинээ хувийн хөрөнгө, бурхан тахил, эд зүйл хураагдсан, шатаагдсан тухай нарийн тооцоо судалгаа хийгдээгүй бөгөөд шашны сүм хийдэд учирсан хор хохиролыг тооцоолж гаргаагүй, үүнийг эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулаагүйн дээр улсын маш нууцын зэрэглэлд оруулан хав дарж байна. 
     7. Түүхийн баримт хадаглагдаж буй газар нутыг одоо хүртэл хамгаалалтанд авалгүй, хэлмэгсэдийг хүндэтгэж үзэлгүй орхисон байна. 
     Лам нарыг хоморголон устгасан газар Улаанбаатар хотод хэд хэд, аймаг тус бүрт нилээдгүй байгаа бөгөөтөл тэдгээрийг улсын хамгаалтанд авч хашаа хороо татах, хүндэтгэлийн самбар, дурсгалын үгс зэргийг бичиж түүхийн үнэн баримтийг хадгалах, хэлмэгсэдийн дурсгалыг хүндэтгэх ёстой атал одоог болтол хав дарж  байна. Эдгээр газрыг яаралтай хамгаалалтанд авч түүхэн баримтуудыг үнэн зөвөөр нь хойч үедээ анхааруулах, сануулах үүднээс нандигнан хадгалах хэрэгтэй. Энэ тал дээр олон улсын жишиг бий. Жишээлбэл Япончууд Монголд байх Япон цэргийн булшыг хамгаалтанд авч жил бүр тэднийхээ дурсгалыг хүндэтгэдэг. Кампужд Полбатын харисгалын баримтыг тэр чигээр нь түүхийн баримт болгон хадгалж байна. 
 8.Нийгэмд буруу үзэл оюуны хоосролд орсон нь шашныг бүрэн устгасанаас болсон байна.  
      Өнөөгийн нийгэмд өнгөрсөн үеэ сохор дүлий, хоцрогдсон, арчаагүй мэтээр ойлгосон буруу үзэл тогтсон байгаа нь Бурханы шашны устгаж үгүй хийснээс болж байна. Ялангуяа өнөөгийн залуучууд Монгол орныхоо түүхийг зөвхөн ардчилал хөгжсөн арван наймхан жилээр харж байгаа нь уламжлалт соёл заншилаа ул мөргүй муулж, өнгөрсөн үеийн нийгмийн гажуудал мэтээр ойлгож байгаа нь яахын аргагүй шашнаа үгүйсгэснээс улбаатай юм. Мөн бурханы шашнаа зөвхөн өнгөрсөн үеийн зан заншил төдийхнөөр ойлгож, түүний охь сорыг ойлгож ухаарах боломжгүй, ашиг шимийг нь хүртэж чадахгүй яваа нь шашныг гүтгэж, доромжилж, ул мөргүй болгох оролдлогын үр дүн билээ. Ийнхүү шашны төөрөгдөлд орсон учраас нийгэм гадны шашин соёлд орох нь амархан байна.  
9. Төр сүм хийдийн харилцааг зохицуулах хууль эрх зүй буруу учраас шашин дахин хэлмэгдэж байна. 
Сүм хийд хэдэн арваар бий болж буй ч  шашны дэг жаяг номын ёсоороо дэлгэрэх боломжгүй байна. Хэсэг бүлэг иргэд санаачлага гаргаад түүнийг нь сум орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөл бүртгэж хууль зүйн яам батлан согтуу галзуу, сэтгэцийн өвчтэй лам хар хэн ч хамаагүй сүм хийд байгуулж байгаа нь үнэхээрийн харамсалтай.  Одоогийн мөрдөгдөж буй сүм хийдийн харилцааны хуулийн гажуудлаас болоод сүм,  хийд, дацан, хүрээ огт ялгагдахгүй болоод байна. Урьд огт үгүй байсан хувийн хийд хэмээх байгууллагууд олноор гарснаар шашин гажуудаж байна. Энэ хуулиас болоод нийгэмд сүм хийд нь зөвхөн үйлчилгээний байгууллага гэдэг ойлголт төрж нийгмийг гэгээрүүлэх, ёс суртахууны боловсрол хүмүүжил, эрдэм мэдлэг олгодог боловсролын тогтолцоотой шашин соёлын төв гэсэн үндсэн ухагдахуунууд огт гарахгүй байна. Сүм хийд нь хэн нэгний бизнес, амиа тэжээх арга биш гэдгийг хэлмээр байна. Хийд гэдэг бол  даган мөрдөх жаяг цаазтай хамба ловон, унзад, гэсгүйтэй, винайн ёсыг чандлан сахисан гэлэн гэцэл олон хуврагууд хуран чуулсан буян хураахын орон байх ёстой. Ийнхүү хууль эрх зүйн орчин буруу учраас 1990 оноос хойшхи шашны хөгжлийн чиг хандлага буруудан гажуудаж буйг хатуу хэлмээр байна.  Манайхаас бусад орнуудад шашин нь нийгмийг гэгээрүүлэхэд голлох үүрэгтэй хэмээн тодорхойлж төрөөс дэмжин  бодлого боловсруулан хөгжүүлж байна. Бид үндсэн хуулиндаа “Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгмийг бий болгон шашин нь төрөө дээдлэнэ, төр нь шашнаа хүндэтгэнэ гэж заачихаад үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. Нийгмийг гэгээрүүлэхэд бурханы шашин асар их үүрэгтэй. 

Дашрамд өгүүлэхэд хоёр хөрш маань гэхэд үндэсний шашнаа хамгийн ихээр хэлмэгдүүлсэн гэмээ ухаарч нурааж устгасан сүм хийдийг төрийн санхүүлжилтээр сэргээн босгох, нөхөн бүрдүүлэх зэргээр дэмжиж байгаа хийгээд дэлхийн бусад улсын засаг төр өөр өөрийн соёл иргэншил, өвөрмөц төрх байдлыг илтгэсэн уламжлалт шашнаа хэрхэн тэтгэн дэмжиж байдгийг биечлэн судалж, харгалзан үзэхэд илүүдэхгүй бизээ. Монголчууд бид улс үндсээ гэх дэлхий нийтийн жишгээс тасарч холдох ёсгүй билээ. Уламжлалт бурханы шашныг хүндэтгэн үзэж дэмжих нь зөвхөн сүм хийд, түүний лам нарын ажил үүрэг төдий биш, төрийн шашны бодлогын цөм, Монголоо гэсэн хүн бүрийн үйл хэрэг байх учиртайг онцлон тэмдэглэж байна. 
 Энэ бүхний эцэст төр засагтаа уламжлахад 
Хэлмэгдсэн үй олон лам нарын нөхөн олговорыг шашныг уламжлалын дагуу  сэргээн хөгжүүлэхэд зориулах хууль эрх зүйн орчинг бий болгох,
Хуучин сүм хийдийн газрыг сүм хийдүүд нь эзэмшүүлэх, хадгалалт хамгаалалтад авах, 
Улаанбаатар хот, хөдөө орон нутгуудад байгаа хилсээр хэлмэгдэн буудан хороогдсон лам нарын газрыг төр хамгаалан дурсгалын хөшөө дурсгал босгох,

Бурханы шашин соёлоо дэмжсэн бодлого боловсруулж сүм хийдээ дэмжин ялангуяа төр сүм хийдийн харилцааны хуулийг эргэн харж өнөө цагтай нийцсэн хууль боловсруулах шаардлагатай байна. 

 

123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо