МОНГОЛЫН СҮМ ХИЙД, ЛАМ НАРЫГ УСТГАСАН ТҮҮХИЙН АСУУДАЛД

М.Ринчин

Монголын ард түмэн өнгөрсөн хорьдугаар зууны далаад жилийн туршид Коммунист-Большевик дэглэмийн гашуун бэрх бүхнийг амсан туулж олон арван мянган хүн хэлмэгдэж амь насаа алдсан түүхтэй юм. Өнөөгийн бидэнд байгаа бүрэн гүйцэд бус тоо мэдээгээр бол нийт хэлмэгдэгсдийн жар гаруй хувь нь бурхан шашны лам нар байсан юм. Үүнтэй холбоотойгоор чухам ямар учраас хэлмэгдэгсдийн дийлэнх олонхи нь лам нар байгаа юм бэ? Ер нь улс төрийн хэлмэгдүүлэлт нь XX зууны гуч дөчөөд оны монгол орны хувьд зайлшгүй зүйл байсан уу, аль эсвэл санамсаргүй явдал байсан уу гэх мэт олон зүйлийн асуудал тодорхой хариулт шаарддаг билээ. Тэгвэл улс төрийн хэлмэгдүүлэлт нь монгол орны хувьд санамсаргүй тохиолдол биш зайлшгүй зүйл байжээ гэдэг нь түүхэн баримтаас тодорхой харагдаж байгааг хэлэх нь зүйтэй байна. Мөн хэлмэгдэгсдийн олонхи нь лам нар байгаа нь мөн л зайлшгүй зүйл байжээ гэдэг нь бас тодорхой харагддаг билээ. Яагаад гэвэл коммунист үзэл суртлын эх үндэс Марксист, Ленинист онолын ёсоор аливаа шашин сүм хийд лам нар бол мөлжигчид, ард түмнийг сүсэг бишрэлээр төөрөлдүүлэн мунхруулагчид тэр тусмаа нийгмийн оюун санааг мансууруулагч хар тамхи тул шашин сүм хийд лам нарыг устгах нь коммунист дэглэмийн нэн чухал зорилтуудын нэг байжээ гэдэг нь ойлгомжтой юм. Монголын бурхны шашин сүм хийд, лам нарыг устгах нь гуравдугаар Коммунист Интернационалын Гүйцэтгэх Хороо, Бүх Холбоотын Коммунист Большевикуудын Намын Төв Хорооны чухал зорилтын нэг байсан юм.          

Учир нь монгол оронд гурван зуу гаруй жилийн турш оршин тогтнож, монголчуудын оюуны соёлын эх суурь болж бэхжсэн шарын шашин зонховын сургааль
үзэл баримтлалын өмнө Марксист, Ленинист үзэл сургааль үнэн хэрэг дээрээ балчирдаж, хүчгүйдэж байсан ажээ.
 Монголд бурхны шашин түгэн дэлгэрч эхэлсэн XVI зууны үеэс эхлэн төрийн ба шашны гэсэн хоёр соёл зэрэгцэн оршиж улмаар хоорондоо зохицон нэгдэж, нийлмэл шинжтэй болж төлөвшин уламжлагдсан түүхтэй. Тийм ч учраас монголчуудын нийгмийн оюун санааны амьдралд төр шашныг буюу хоёр ёсыг дээдлэх уламжлал хэв заншил болон тогтсон байна. Төр шашныг дээдлэх ёс нь монголын нийгмийн үзэл суртлын эх үндэс болж байжээ. Энэ уламжлал нэгэнт төлөвшин бэхжсэн хэв ёсыг өөрчлөн нийгмийн ухамсар ард түмний оюун санаанаас төр шашны үзэл санааг арилган цэвэрлэнэ гэдэг санасан зоргоор бүтэх хялбар ажил биш гэдэг нь илэрхий. Зарим баримтыг цухас дурьдвал: 1911 онд Манж, Хятадын эрхшээл харъяаллаас гарч төрийн тусгаар тогтнолоо сэргээх үйл хэрэгт монголын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт гарамгай үүрэг гүйцэтгэж эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдсан ба нийслэл Хүрээнд Манж, Хятадын эсрэг гарсан бослого хөдөлгөөнд Гандан, Зүүн хүрээний лам нар голчлон оролцож Манжийн төлөөний сайд Сандоо амбанг цэргийн горнизоны хамт хөөн зайлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.          

Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт төр шашныг хослон барих хаан ширээнд өргөмжлөгдсөнөөр төр шашныг дээдлэх ёс шинэ эрч хүч авч сэргэн идэвхижсэн бөгөөд энэ идэвхжил нь Хятадын цэргийн түрэмгийлэл, Оросын цагаантны эзлэл зэрэг харийн булаан эзлэгчдийн эсрэг эрх чөлөөнийхөө төлөө дахин босож тэмцэх үзэл санааны эх сурвалжуудын нэгэн болсон юм. 1920 онд байгуулагдсан үндэсний үзэл санаа бүхий Монгол Ардын Нам хэмээх улс төрийн байгууллага Богд Жавзандамба хутагт хаантай харилцаж эзэн хаанаасаа ёс суртахуун улс төр үзэл суртлын дэмжлэг авч байсан баримт бий. Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагч Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Бодоо, Өлзийбаярын Дэндэв, Магсархурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар нар Их шавийн зайсан Сангажавын Жамъянаар дамжуулан Богд хаанд нам байгуулсан тухайгаа айлтгаж, соёрхол зөвшөөрөл гуйж байсан удаатай. Богд хаан Монгол Ардын Намыг зөвшөөн үзэж Зөвлөлт Орос улсаас тусламж гуйсан нот бичигт нь мутарын тэмдэгээ хайрлаж, Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийг дэмжиж, энэ тэмцэлд эв санаа нэгдэн орсон түүхтэй. Монголыг эзэлсэн цагаантныг гагцхүү зөвлөлт орос улсын цэрэг зэвсгийн тусламжтайгаар хөөн зайлуулж, тусгаар тогтнолоо сэргээж чадна гэдгийг төр шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт хаан сайтар ойлгож байсан юм.  Монголын Ардын Нам үндэсний тусгаар тогтнолоо сэргээмэгц хаант төрөө дахин сэргээнэ гэж  зорьж байсан бол Монголын эрх чөлөөний тэмцэлд цэрэг зэвсгийн тусламж үзүүлсэн Бүх Холбоотын Коммунист /большевик/ Нам, Коминтерний Төвийн Гүйцэтгэх Хороо  монголд пролетарийн диктатурт төр  засаг тогтоох зорилго тавьж байсан. Энэ хоёрын зөрчлийг даван туулахын тулд монголд улс төрийн хэлмэгдүүлэлт хийсэн түүхтэй.          

1921-1924 оныг хүртэлх хугацаанд эрх баригч Монгол Ардын Намын эгнээнд санваартан лам нарыг өргөнөөр элсүүлэн авдаг байсан. Монгол Ардын Намын анхны программ “намын хүмүүсээ дагаж явах тангарагийн бичигт” Монголын төлөө зүтгэе гэсэн лам, хар, эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу гэх ялгаваргүй хэнийг ч болов намдаа элсүүлэн багтаан авъя гэж заасан зүйл бий. 1923 онд хуралдсан Монгол Ардын Намын хоёрдугаар их хурал намын программын сая дурдсан хэсгийг хасжээ. Мөн 1921 оны хувьсгалын үйл хэрэгт Богд Жавзандамба хутагтаас эхлээд жирийн олон лам хуврагууд олноороо хүчин зүтгэсэн удаатай. Түүхэн баримтанд тэмдэглэгдэн үлдсэнээр бол Хараагийн Дар-Эх лам Чойжинжанцан 1920 оны эцэс 1921 оны эхэн хэрд Хиагтад байгаа Монгол Ардын Намын төлөөлөгчид болон хүрээнд байгаа намын гишүүдийн хооронд хувьсгалын ажлын холбоо барьж хүчин зүтгэж байсан түүхтэй. Харамсалтай нь хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж байсан хувраг лам нарын тухай мэдээ баримт бичиг цаасанд тэмдэглэгдэн үлдсэн нь нэн ховор байна.          

1925 онд намын дүрэм программыг шинэчилснээр намд лам нарыг элсүүлэх явдлыг хязгаарлаж хоригложээ. 1924 оны 5-р сард Монголын төр шашны тэргүүн хэмжээт эрхт хаан Жавзандамба хутагт нас барснаар Монголын шашин тэргүүнгүй болсон бөгөөд шашны тэргүүнийг дахин тодруулах явдлыг МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр хориглосон юм. Энэ хориг арга хэмжээ бол Бүх Холбоотын Коммунист /большевик/ Нам, Коминтернээс үүсэлтэй зүйл байсан гэдэг нь эргэлзээгүй. Яагаад гэвэл Намын II—V хурлаар /1923-1925 онд/ Монгол Ардын Намаас бурхны шашныг дотночилон үзэж шашны шинэтгэлийн асуудлыг хөндөж байсан удаатай. Намын V их хурал дээр Жамсрангийн Цэвээн хэлэхдээ: “Манай намын суртал, бурхны номын сургааль хоёр яв цав нийцэж байна. Учир нь хоёулаа эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд зориулагдсан тул ядарсан зүдэрсэн олныг амаржуулан жаргаах зорилготой. Иймд бурхны шашныг хүндэтгэж ариунаар мандуулах нь зүйтэй” гэсэн утгатай зүйлийг хэлж байжээ. Энэ нь коммунистуудын дургүйцлийг маш их хүргэсэн бөгөөд 1926 оноос эхлээд сүм хийд лам нарын эсрэг дайралтыг эрчимжүүлж эхэлсэн юм.          

Лам нар сүм хийдийг хавчин хяхаж хэлмэгдүүлэх үйл ажиллагаа юуны өмнө эдийн засгийн утга агуулгатайгаар эхэлсэн юм. 1926 онд төр шашныг тусгаарлах тухай хууль гаргаж улмаар сүм хийдийн аж ахуй жасад албан татвар оногдуулах болжээ.

Монголын сүм хийд бүхэн лам нарын хамтын өмч болсон сүм хийдийн аж ахуй жастай байсан. Жасын эх үүсвэр нь сүсэгтэн олноос өргөлд өгсөн мал, эд зүйлээс анх бүрдсэн бөгөөд улмаар мал сүрэг нь өсч үржин үлэмжхэн хүчин чадалтай аж ахуйн томоохон нэгжүүд болон өсч бэхжжээ. Сүм хийдүүд жасын аж ахуйгаасаа өөрсдийн гол хэрэгцээг хангадаг байсан бөгөөд мал сүргээ сүсэгтэн олонд хуваарилан өгч маллуулах замаар өсгөн үржүүлэхийн хамт мал сүргийнхээ ашиг шимийн тодорхой хэсгийг жасын мал хариулагчдад өгч тэдний аж амьдралыг тэтгэдэг байлаа. Энэ талаас нь авч үзвэл сүм хийдүүд нь одоогийн хэллэг ойлголтоор бол томоохон хэмжээний ажил олгогчид, мал түрээслэгчид байсан юм. 1918 оны хүн амын тооллогын үндсэн дээр гарган авсан Монголын бүх лам нар 120 мянга гэснийг баримтлан тооцон үзэхэд 1920, 1930-аад оны байдлаар тэдгээр лам нарын 60-70 мянга нь өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй мал үйлдвэрлэгчид байжээ. Гэвч коммунистууд улс орны эдийн засаг болон ард нийтийн аж амьдралд сүм хийдийн аж ахуйн жас гүйцэтгэж буй үүргийг үгүйсгэж, сүм хийд лам нарыг мөлжигчид хэмээн дайран давшилж албан татвараар хавчин дарах бодлогыг тууштай явуулсан юм. Тэдний хувьд улсын төсвийн үрэлгэн хэрэгцээг хангаж нөхөхийн тулд бусдын бүтээсэн эд баялагийг хураан авахыг голчилсноос бус сүм хийд, лам нарын аж ахуй монголын нийт эдийн засагт ямаршуухан ач холбогдол нөлөөтэй байгааг анхааран үзэхийг хүсэхгүй байжээ. Зөвлөлт Холбоот Улсад үнэн алдартны шашны лам нар сүм хийдийг хэлмэгдүүлэн устгаж, үрэлгэн сүйтгэсэн тэр туршлагаа Монголд хэрэгжүүлэхийг чармайж байжээ. Энэ тухай И.В.Сталин нар илэн далангүй хэлж байсан удаатай. Энэ нь тухайн үедээ улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд мэдэгдэхүйц нөлөөлж байсан боловч уршиг дагавар нь монголын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг бууруулахад нөлөөлсөн. Энэхүү сөрөг нөлөө нь тухайн үедээ анзаарагддаггүй шахам байсан юм. 1926 онд Баянтүмэний хүрээний лам нар жасын татвар оногдуулсан явдлыг эсэргүүцэж хөдөлгөөн үүсгэсэн бөгөөд лам нарын энэ эсэргүүцлийг дарахын тулд засгийн газраас тусгай төлөөлөгчид хүрэлцэн очиж, уг хөдөлгөөнийг тэргүүлсэн Ишжамц, Зогсоо хэмээх Молом нарын хэдэн ламыг буудан алах ялаар шийтгэж гүйцэтгэснээр лам нарын эсэргүүцлийг цус урасган дарах үйл ажиллагаа эхэлсэн юм. 1928 онд хуралдсан Намын VII их хурал Бүх Холбоотын Коммунист большевик Нам болон Коминтерний даалгавар ёсоор феодлын хөрөнгө хураах тухай шийдвэр гаргасан юм. Үүнд Чингис хааны угсааны сурвалжтан тайж нар болон тамгатай ба тамгагүй хутагт хувилгаадыг хамааруулж тэдний хөрөнгийг хоёр үе шаттайгаар хурааж хоосруулжээ. Эхний шат буюу 1929-1930 онд 730 гаруй, хоёрдугаар шат буюу 1930-1931 онд 500 гаруй сурвалжтан тайж, хутагт хувилгаадын хувийн өмч хөрөнгийг хүчирхийлэн хурааж авсан байна. Хоёрдугаар шатанд хөрөнгийг нь хураахын тулд сурвалжтан тайж нар хутагт хувилгаадыг төрийн эсрэг хилс зохиомол хэрэгт гүжирдэн холбогдуулж ял шийтгэж хэлмэгдүүлэх хувийн өмч хөрөнгийг нь хураах хослол ажиллагаа явуулж байсан удаатай. Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга П.Гэндэн феодал лам нарыг 1931 онд багтаан бүрэн устгах тухай тогтоолд гарын үсэг зурж, Засгийн газар, Дотоодыг хамгаалах газар үүрэг болгосон явдал бий. Гэвч энэ тогтоол хэрэгжиж чадаагүй. 1929 оноос сүм хийд лам нарт оногдуулах албан татварын хэмжээг урьд өмнөхөөс эрс нэмэгдүүлсэн юм. Эдийн засгийн шахалт хавчилт нь сүм хийд лам нарыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн устгах үйл ажиллагааны оршил болсон юм. 1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал монголд социализм байгуулах зорилт дэвшүүлсэн. Бүх Холбоотын Коммунист большевик Нам, Коминтерний дэмжлэгтэйгээр 1926 онд МАХН-ын эгнээнд зүүн жигүүр болж үүссэн зүүнтнүүд 1928 онд намын VII хурлын үеэр нам засгийн удирдах дээд эрхийг гартаа шилжүүлэн авснаар монголд зүүний буюу коммунист большевик үйл ажиллагаа эрс идэвхжив. 1930 онд хуралдсан Намын VIII их хурал монголд социализм байгуулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлснээр зүүний нугалаа завхрал үүсч бий болжээ. Зүүнтнүүд феодал ангийг нэг хоёр жилийн дотор устгах зорилт дэвшүүлж байлаа. Сүм хийд лам нарыг дарамтлах явдал улам хүчтэй болж сүм хийдийн орон байр, бурхан тахилд нь хүртэл татвар оногдуулан хураах болов. Жасын малыг гэрээгээр хариулах кампани өрнүүлж, сүм хийдийн өмч мал сүргийг албадан ядуу, дунд ардууд болон шинээр байгуулагдсан хамтралуудад шилжүүлэн өгөх болжээ. Ийнхүү сүм хийдийн эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах талаар багагүй амжилт олсон байна. Гэтэл зүүний нугалааны жилүүдэд тус улсын мал сүргийн тоо гурван сая гаруй толгойгоор хорогдож, экспортын хэмжээ эрс буурч, гадаад худалдааны тэнцэл алдагдаж, ЗХУ-аас их хэмжээний зээл авчээ. Гэвч энэхүү уршиг дагаврыг коммунистууд хайхарч үзсэнгүй, сүм хийд лам нарын эсрэг хийх дайралтаа улам чангатган үргэлжлүүлсээр 1932 оныг хүрсэн юм. 1926 оноос сүм хийд лам нарын зохион байгуулалттай хүчийг бутарган сарниулахын тулд дотор нь хагарал гаргаж, ялгаварлах бодлого явуулж эхэлжээ. Энэ бодлогын гол зарчим нь лам нарыг ихээхэн ашиг орлого бүхий мөлжимтгий дээд ангийн лам нар, хурал номын ажлыг эрхлэн сүсэгтний өргөл барьцаар амьдрах дунд ангийн лам нар, дээд ба дунд ангийн лам нарт үйлчлэх хар бор ажил хийх тогооч, манаач, тахилч гэх мэт доод ангийн ядуу лам нар гэж ангилахад оршиж байлаа. Доод ба дунд ангийн лам нарыг дээд ангийн лам нарын эсрэг тэмцэлдүүлэхээр өдөөн турхирах, ятгалга хийх, цуурхал дэгдээх зэрэг хагалан бутаргах явдал коммунистуудын гол арга явуулга болсон юм. 1926 онд Намын Төв Хороо тусгай тогтоол гаргаж шашны хувьд ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар мэргэжлийн лам нарыг дээд ангийн лам гэж тооцох тухай тодорхойлж байжээ. Лам нарыг анги ялгаварлан хагалан бутаргах ажиллагаа хэрэгжүүлэхдээ ядуу доод лам нарыг сахилаа орхиж харын байдалд шилжихийг уриалж, ухуулга ятгалга хийж, хар болж мал аж ахуй, гар урлал эрхлэх лам нарт жасын хөрөнгөнөөс тодорхой хэмжээний мал сүргийг тэдний өмч хөрөнгө болгон шилжүүлэн өгөх журам тогтоожээ. Мөн бага насны хүүхдүүдийг сүм хийдэд шавилан сургахыг хориглож, сүм хийдэд шавилж шашны ухаанд суралцаж байсан багачуудыг албадан тарааж гэрт нь буцаах болжээ. Ийнхүү бага насны хүүхдийг сүм хийдэд шавилан суухийг хориглож, лам нарын тооны өсөлтийг хязгаарлах бодлого явуулахын хамт бурханы сургааль, гэлэгваагийн шашны номлол үзэл санааны эсрэг ухуулга сурталчилгааны ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна.   1925 он хүртэл Монголд Марксизм, Ленинизмын тухай ямар нэгэн төсөөлөл ойлголт  бараг байхгүй шахам байсан юм. 1925 оноос Марксизм-Ленинизмын зарим нэг зохиолыг монгол хэлнээ орчуулан нийтлэх оролдлого хийж эхэлсэн түүхтэй. Ард түмний дунд Коммунизмын тухай анги ангийн тэмцлийн тухай аман ухуулга суртал нэвтрүүлэг хийдэг байсан байна. Энэ ухуулга суртал нэвтрүүлгийн нэг хэсэг нь бурхны шашны сургааль номлолыг худал хуурмаг гэж тайлбарлах сүм хийд лам нарыг мөлжигчид гэж ойлгуулах улмаар жигшил, үзэн ядах сэтгэлгээг үүсгэн дэврээхэд чиглэжээ. Гэвч энэхүү суртал ухуулгын ажил зорилгодоо хүрэх чадвараар нэн мөхөс байв. Монголчуудын дунд хоёр ёс буюу төр шашныг дээдлэх үзэл санаа, нийгмийн ухамсрын түвшинд нэгдмэл цул байсны улмаас Марксизм, Ленинизм, Большевизмын онол сургааль, үзэл санааны тухай суртал ухуулгыг хүн амын дийлэнхи олонхи нь огтхон ч хүлээж авдаггүй байсан юм. Харин төрийг дээдлэх уламжлал заншлынхаа дагуу ардын төр засаг, монгол ардын хувьсгалт намын удирдах үүрэг үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн авч байсныг үгүйсгэх аргагүй.  Гэтэл ардын засгийг  Бүх Холбоотын Коммунист большевик Нам, Коминтерн удирдан жолоодож байсан бөгөөд энэ чиглэлээр авч үзвэл Бүх Холбоотын Коммунист большевик Нам, Коминтерний зүгээс монголчуудын эсрэг авч байгаа арга хэмжээг хүлээн авч, хүндэтгэн дээдэлж, дагаж биелүүлж байсан эмгэнэлтэй явдал болж байсан юм. Энэ нь төрийг дээдлэх үзэл санаа монголд маш хүчтэй байсны нотолгоо мөн. Энэ үзэл санаа монголд хүчтэй байх оюун санааны нөхцлийг нь шашны сургааль хоёр ёсыг дээдлэх зарчим бүрдүүлж өгөж байжээ гэлтээ. Марксист, Ленинист онол ертөнцийг үзэх материалист үзлийн ёсоор бол шашины үзэл санаа философи нь хий хоосон мухар сүсгийн төдий зүйл хүмүүсийн оюун санааг мунхаруулагч зүйл гэж тооцогддог. Энэ зарчмын үүднээс коммунистууд аливаа шашинд дайсагнан хандсаар ирсэн түүхтэй. Харамсалтай нь Марксизмыг үндэслэгчид өөрсдийн сургаалийн тулгуур болгож авсан нэг их үндэс германы сонгодог философи гэгддэг Гегелийн гүн ухааны утга санаа зарчмыг мөчиддүүлэн тайлбарласан мэт. Гегелийн гүн ухааныг идеалист гүн ухаан ертөнцийн эх үүсвэрийг оюун санаа сүнстэй холбон авч үздэг гэж Марксист, Материалистууд ямагт шүүмжлэн үгүйсгэдэг билээ. Марксист, Материалист үзлийг түүхэн шинэ нөхцөлд баяжуулан хөгжүүлсэн Марксизмын их сартвах гэгдэгч В.И.Ленин ”Материализм ба Эмпириокритицизм” зохиолдоо энэ тухай маш тодорхой бичсэн байдаг. Материалист үзлийн эх үүсвэр нь матер гэдэг бол бурханы гүн ухааны үзлийн ёсоор бол ертөнцийн эх үүсвэр нь хоосон чанар гэдэг ажээ. Матер гэдэг нь тодорхой хэлбэр дүрс бүхий биет зүйл биш бодитой л гэсэн хийсвэр ухагдахуун билээ. Хоосон чанар гэдэг нь огт байхгүй хий хоосон орон зай илэрхийлж байгаа хэрэг биш харин тодорхой хэлбэр дүрс олж орон зай эзлээгүй зүйлийн тухай бодит ухагдахууныг хоосон гэж нэрлэсэн бололтой. Энэ талаас нь авч үзвэл нэр томъёоны хувьд өөр боловч агуулга ухагдахууны хувьд матер хоосон хоёр адилхан утга авсан нэгэн зүйл ойлголт мэт санагдана. Тэгээд ч материалистууд болохоор матер шинээр бий болдоггүй, устаж алга болдоггүй гэж үздэг бол хоосон чанар мөн ийм адил утгаар тайлбарлагдсан зүйл байдаг ажээ. Монголын гүн ухаантан лам Агваандандар хоосон чанарыг тайлахдаа: “байна гэвэл бодитой байна, байхгүй гэвэл биегүй байна” гэсэн утгаар тайлбарласан зүйл буй. Бас Германы их филисофич Гегель “биетэй бүхэн зохистой, зохистой бүхэн биетэй” гэсэн томъёолол гаргасан байдаг. Хоёр өөр цаг үед хоёр өөр орон нутагт амьдарч байсан энэхүү хоёр их эрдэмтэний гаргасан томъёололыг харьцуулан эрэгцүүлбэл материйн буюу хоосон чанарын орчол хөдөлгөөний тухай нэг л зүйлийг хэлээд байгаа мэт санагдана. Нөгөөтэйгүүр бурханы гүн ухаанд хоосон чанар сүнсний тухай ойлголт нилээд ойртсон байдаг мэт санагдана. Энэ ёсоор бол аливаа сүнс гэдэг шинээр бий болдоггүй арилж устдаггүй төрөл арилжих зарчмаар хэлбэр дүрс орон зайн хэмжээс бүхий биетүүд болж хувирч байдаг ажээ. Хоёр мянга таван зуу гаруй жилийн түүхтэй бурханы гүн ухааны сургаальд ийм зүйл байгааг хоёр зуу гаруй жилийн түүхтэй Марксизм таниж олж мэдэж чадалгүй эсрэгцэн тэмцсэн ажээ. Лам нар сүм хийд шашны үзэл санааны эсрэг шашингүйн суртал нэвтрүүлэг хийж довтлохдоо материалист гэх тэр үзэл суртлыг эш үндэс болгон бурханы гүн ухааны аливаа тайлал томъёолол тайлбар сургааль бүхнийг мунхаг хэмээн адлаж, мунхаглан дайрч байсан удаатай. Урьд Мөрөнгийн хүрээнд шавилан сууж явсан лам Доригжавын Лувсаншарав хувьсгалын дараа намд элсэж улмаар Москва хотноо дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцаж ирээд намын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан юм. Тэрбээр 1938 онд нийтлүүлсэн “Лам нарын асуудал” гэсэн товихмолдоо намаас лам нарын талаар баримталж буй улс төрийн бодлого чиг шугамыг тайлбарлаж “зарц лам нарын асуулт нь эдүгээ үед онолын ба ба гүйцэтгэх улс төрийн хувьд ч онц чухал холбогдол бүхий болж баймой. Ламын ёсны харгис үзэл сурталыг илрүүлэн улс төр, эдийн засаг, соёл боловсролын талаар бут цохих нь чухамхүү тулгарч ирсэн энэ өдрийн гүйцэтгэх хэрэг мөн бөгөөд манай зорилго нь гагцхүү ламын ёсны улс төр, эдийн засгийн үндэсүүдийг цохиж эвдээд зогсох бус. Түүний бүхий л хаягдал хүч ба үзэл суртал, арвин үлдэгдэлийг үндсээр нь таслан эвдэж устгах явдал мөн болмой. Энэ асуудалд гагцхүү зөв хариултыг Марксизм, Ленинизмын сургаалаас олж авмой. Бид Маркс, Энгельс, Ленин, Сталин нарын сургааль номлолын тусламжтайгаар феодал лам нарын харгис философитой амжилттайгаар тэмцэж ялж чадмой. Үүнээс өөр лам нарын харгис үзлийг эвдэж чадах тийм суртал дэлхий дээр үгүй болой” гэжээ. Лам нарын дунд атеизмыг хүчтэй сурталчилж энэ чиглэлээр лам нарын тусгай сэтгүүл гаргаж тараах болсон байна. Мөн ард нийтийн дунд олон нийтийн атеист байгууллага буюу бурхангүйчүүдийн эвлэл ч байгуулж үзжээ. Ажлын үр дүн юу болов гэвэл инээдэм, наадам, доог тохуу болж өнгөрсөн байна. Үүнтэй холбогдуулан баримт дурдвал: “1930-аад оны эхээр Улаанбаатар хотод лам нарын хурал гэдэг олон нийтийн ажлыг зохион байгуулж эхэлжээ. Төв театр буюу бөмбөгөр ногоон театрт долоон хоног бүрийн баасан гаригт улаанбаатар хотноо буй дунд, доод ангийн лам нарыг цуглуулан дээд ангийн лам нарыг эсэргүүцэн шүүмжилсэн мөлжимтгий, чанар бурхны шашны сургааль худал хуурмаг болох, шинжлэх ухааны танин мэдэхүйн тухай, олон улсын байдлын тухай зэрэг олон сэдвээр ухуулга яриа хийж цугларсан лам нарын дундаас илтгэгчид гарч ирж шашин дээд ангийн лам нарын үнэн нүүр царайг илчлэх асуудлаар хурц шүүмжлэл тавьж, ухуулга хийдэг байжээ. Энэ ухуулга ярианд идэвхтэй оролцож байсан Эрдэнэпил лам хожим дурсан ярихдаа: “Тухайн үед би ч юу мэдэхэв дээ, бидний хэдэн лам нарыг тусгайлан дуудаж даалгавар өгсөн юм, би тайзан дээр зассан индэрийн ард очиж зогсдог. Миний ар талын татаастай хөшигний ард Элдэв-Очир дарга суугаад миний хэлэх зүйлийг араас хэлж өгдөг, Элдэв Очир даргын хэлсэн үгийг би олон лам нарт чанга дуугаар дамжуулан ярьдаг байсан. Ердөө л энэ шүү дээ” гэжээ. Эдгээр илтгэгчдийг тэр үеийн лам нар баасангийн хурлын умзадууд гэж хочлон дооглож тохуурхдаг байжээ. Шашны эсрэг явуулсан суртал нэвтрүүлгийн ажил иймэрхүү арга хэлбэртэй явж байжээ. Сүм хийд лам нарын эсрэг хийсэн үзэл суртлын тэмцэл нь амжилтгүй болж мухардалд ормогц БХКбН, Коминтерноос монголын лам нарыг нийгмийн оюун санаа, үзэл санааг тээн дэлгэрүүлэгчийнх нь хувьд, бие хүмүүсийнх нь хувьд устгах дараагийн ажиллагаандаа бэлтгэж эхэлсэн байна. Үүний нэг тодорхой баримт нь 1933 онд Дотоодыг Хамгаалах Газар ажиллаж байсан сургагч зөвлөхүүдийн санаачлагаар Зөвлөлтийн газрын зургийн мэргэжилтэн Будын Дашийн зохион зурсан “Монголын сүм хийдийн байр зүй, шашны нөлөөллийн бүс нутгийн газрын зураг”-ийг дурьдаж болно. Энэ зургийг үйлдэхийн тулд судалгаа зохион байгуулалтын томоохон арга хэмжээ авсан бололтой. Үүнд МАХН-ын Төв Хороо ба Дотоодыг Хамгаалах Газарт лам нарын тасаг ажиллаж монголын бүх сүм хийдүүдийн талаар судалгаа хийж хийд тус бүрийн түүх намтар, лам нарын тоо бүртгэлийг гаргуулан авч байсан гэсэн аман мэдээ бий. Харин энэ байгууллагуудын цуглуулан авсан сүм хийдийн түүх намтар, тоо бүртгэлийн данс үндэсний түүхийн төв архивт болон Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архиваас ч олдохгүй хэвээрээ л байна. 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан зэрэг аймагт зүүний нугалаа завхарлыг эсэргүүцсэн ардын бослого хөдөлгөөн гарсан юм. Энэхүү ардын бослого нь анх Хөвсгөл аймгийн Рашаантын хүрээний лам нараас эхэлсэн гэдэг. Бослогын хүрээ асар богино хугацаанд өргөжин тэлж нэр дурдсан дөрвөн аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарчээ. Бослогод зөвхөн лам нар оролцсон юм биш ард олон нэлэнхүйдээ хамрагдсан онцлогтой. Бослогыг байнгын цэргийн хүчээр хуягт техник нисэх хүчин ашиглан хүчирхийлэн дарсан юм. Босогчдыг дарахын тулд химийн зэвсэг хэрэглүүлэхээр Зөвлөлтөөс химийн хороор цэнэглэсэн сум авчирч босогчдыг буудахыг тушааж байжээ. Гэвч Дотоодыг Хамгаалах Газрын орлогч дарга С.Гиваапил эдгээр хортой сумыг бослого дарах ажиллагаанд хэрэглэхийг хориглосон байна. Үүнийхээ төлөө С.Гиваапил хожим улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан билээ. Монгол оронд коммунист большевик онол сургааль үзэл санаа оршин тогтнож амьдрах чадваргүй гэдгийг 1932 оны ардын бослого маш тодорхой батлан харуулсан юм. Коммунист нам Коминтерн Монголчуудын энэ бослогыг дараагийн он жилүүдэд хийх улс төрийн залхаан цээрлүүлэлт террорист үйл ажиллагаандаа аятайхан шалтаг болгон ашиглажээ. 1924 оны тавдугаар сард монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт нас барж улмаар Богдын хойд дүрийг тодруулахыг хориглосноор монголын шашин тэргүүнгүй болсон тухай өмнө өгүүлсэн билээ. Гэвч Жавзандамба хутагтын Ёнзон багш хамба номун хан Лувсанхаймчиг Монголын шашны төв Гандан хийдийн тэргүүний хувьд Монголын нийт лам нар, сүсэгтэн олны дунд шашны тэргүүний хэмжээнд албан бусаар өргөмжлөгдөн хүндлэгдэж байсан түүхтэй. Лам нар сүм хийдийг хэлмэгдүүлэн устгахад Ванчинбогдын нэрийг үлэмжхэн ашигласан юм. 1920-иод оны эхээр Түвдийн хаан Далай ламтай улс төрийн хувьд тохирхоо больж, Түвд эх орноосоо дайжин гарсан Ванчинбогд халх монголд ирэхээр нүүдэллэн явсанаа больж, Өвөрмонголын нутагт очиж суурьшин амьдарсан ажээ. Монголын зарим сүм хийдийн тэргүүн лам нар шашин мөргөлийн асуудлаар Ванчинбогдтой бичиг захидлаар харилцаж байсныг ашиглаж Хятад, Японы тагнуул Ванчинбогдтой хувьсгалын эсэргүү лам нар харилцаж Ардын засаг төрийг устгах, Японы цэргийг монголд урин ирүүлэхээр бэлтгэж байна гэсэн хардлага цуурхал дэгдээж лам нарыг хэлмэгдүүлэх бас нэгэн шалтаг олж авч байжээ. Энэ тухай бусад илтгэлд дурьдагдах буйзаа хэмээн цаашид дэлгэрүүлэхийг тэвчье. Ванчинбогдтой Монголын лам нарыг холбох сэдэв шалтагийг нээсэн гол үйл явдал бол 1930 онд илэрч ял шийтгүүлсэн тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38-ын хэрэг гэгч юм. Тайж Эрэгдэндагва хууль ёс зөрчиж ял шийтгүүлсэндээ хонзогнож, Ардын засгийг устгахын тулд тусламж гуйсан өргөдөл бичиж Ванчинбогдод хүргэж өгөхөөр явах замдаа илчлэгдэн баригдсан юм. Энэ бол баримттай гэмт хэрэг байлаа. Гэтэл үүнийг далимдуулан энэ хэрэгт Егүзэр хутагт Галсандаш, Дилав хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж нарын ихээхэн нэр хүндтэй хутагт хувилгаадыг гүтгэн холбогдуулж яллан шийтгэжээ. Үүний гол зорилго нь эдгээр хутагтуудын нэрийг ашиглаж нийт лам нарын эсрэг өргөн довтолгоо хийх боломж олж авахад оршиж байжээ гэлтээ. Гэвч хэрэг явдал төлөвлөж санасан санаанд нь хүрсэнгүй дарагдан өнгөрчээ. Харин Дилав хутагт Жамсранжавыг энэ хэргийн дуулианаар нэр халхлан гадаадад тусгай ажлаар томилон явуулсан билээ. Ийнхүү нэр бүхий томоохон хутагт хувилгаад лам нарыг ашиглаж хэлмэгдүүлэх ажиллагааг өргөжүүлэх гэсэн оролдлого нь явцгүй болж ирмэгц дахин нэг удаа нилээд зальхай арга хэрэглэжээ. Энэ нь Дэчин гэгээний хийдийн тэргүүн Агваанжамъянтив ламын хэрэг гэгч юм. Түүнийг Ванчигбогдтой хувьсгалын эсэргүү ажлын зорилгоор харилцсан Японы тагнуулд элссэн, Ардын Хувьсгалт засаг төрийг устгахаар бэлтгэсэн хэмээн хилс ял тулгаж нэгэн удаа таслан шийтгэсэн боловч Улсын Бага Хурлын зарим тэргүүлэгчид уг хэргийн явц байдлыг сайтар ухварлан ойлгож байсан тул шийтгэсэн ялыг өршөөн сулласан удаатай. Энэ нь Сталинчуудын эгдүүцэл хорслыг бүр дэврээж, монголын нийт лам нарын эсрэг өргөн хэмжээний хэлмэгдүүлэлт залхаан цээрлүүлэлтийг хийх ажиллагаа ямарч аргаар болов яаравчлан эхлэхэд хүргэжээ. И.В.Сталин 1934 оны эцсээр ерөнхий сайд П.Гэндэнтэй уулзаад сүм хийд лам нарын эсрэг эрс шийдвэртэй тэмцэж устгахыг шаардсан юм. Сталин: “Танай улсын дотор бас нэг улс буй болоод байна уу. Үүнд нэг засаг нь Гэндэнгийн засаг, нөгөө нь лам нарын засаг. Лам нарын засаг нь илүү хүчтэй байна. Ер нь аливаа байлдаанд хэрвээ дайсан этгээдийг шууд халз дайран авч болохгүй ахул түүнийг тойрон бүсэлж авах зарим арга баймуй. Түүнчлэн энэ хэрэгт нэгэнт лам нар нь ихээхэн хүчтэй тул түүнийг аажмаар бүслэн авах хэрэгтэй болмуй”, “Том толгой лам нарын тухай бол тэд нараас ямар нэгэн улс төрийн гэмт хэргийг өдүүлэх ахул цаг үестээ тохируулан ял хэмжээг авах хэрэгтэй бөгөөд тийнхүү яллахдаа, тэднийг өөрийн улсаас урваснаар тооцож яллахаас бус, түүнийг ерөнхийд нь хавтгайруулан хувьсгалын эсэргүү хэмээн яллаж болохгүйг шүүх таслах газраас журам болговоос зохино. Энэ мэт хэргийг эрхбиш илэрхийгээр тасалж, ард олонд үзүүлэн, тэрхүү лам нар болбаас гадаадын дайсан лугаа хуйвалдан өөрийн улсаас урвасан хэмээхийг ард түмэнд ойлгуулах нь чухал болно. Эдгээр арга хэмжээнүүд болбаас тойрон бүслэх арга хэмжээ болно” гэж юу хийх ёстойг нь тодорхой зааж өгчээ. Ийнхүү сүм хийд лам нарыг хэлмэгдүүлэн устгах үйл ажиллагааны удирдамж тодорхой болсон байна. Мөн 1935 онд дахин уулзаад лам нарыг устгах талаар урьд өгсөн зөвлөгөөг биелүүлсэнгүй гэж зэмлээд: “…Улсын дотоодыг хамгаалах-Намсрайн толгойлсон байгууллагыг тэгж нэрлэдэг байхаа, лам нартай тэмцэх талаар юу ч хийхгүй байна. Урьд нь, бас эдүгээ ч манай Чека (Чекистын байгууллага) дотоод, гадаадын хувьсгалын эсэргүүчүүдтэй тэмцэхийн зэрэгцээ санваартнуудын эдийн засаг, улс төр, ёс суртахууны үндсийг таслан зогсоохын төлөө тэмцэл явуулж байна. Харин танайд ийм юм алга. Намсрай энэ талаар юу ч хийгээгүй, харин эсрэг нь лам нарыг урамшуулсаар байна” гэжээ. Лам нарыг хэлмэгдүүлэхийн тулд 1930 аад оны эхээр Япон улс Манжуурыг эзэлж БНМАУ тай Японы эзэмшлийн нутаг хэл залгах болсон, мөн Япон Манж Гогийн зүгээс хил зөрчин өнгөлзөн түрэмгийлэх явдал нэмэгдэснийг аятайхан шалтаг болгон ашигласан юм. Энэ мэт гадаад дотоод хүчин зүйлийг холбон ашиглаж лам нар, сүм хийдийн зохион байгуулалттай хүчийг довтлон устгахын тулд хамба номун хан Ёнзон Цэдэнгийн Лувсанхаймчигийн биед халдаж төрийн эсрэг зохиомол хилс хэрэг тулган хүлээлгэснээр санасан зорилгодоо хүрэх үүд хаалгаа нээж авчээ. 1936 оны 3-р сард ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь огцруулж улмаар амраах нэрийдлээр ЗХУ-д аваачсаны дараа ерөнхий сайд бөгөөд Дотоод Явдлын Яамны сайд Х.Чойбалсан сүм хийд лам нарыг “тойрон бүсэлж” улмаар довтлон устгах үйл ажиллагааг эрчимжүүлжээ. Лам нарыг тагнаж мөшгих явдал нэн идэвхжсэн байна. 1937 оны 7-р сарын 17-нд ерөнхий сайд асан Гэндэнг хувьсгалын эсэргүү хэрэгт хилс холбогдуулж ЗХУ-д баривчилсны дараа Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт залхаан цээрлүүлэлт буюу Коммунист тероризм эхэлсэн юм. 1937 оны намар Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын удирдсан хувьсгалын эсэргүү тагнуулын “төв” хэмээх байгууллагын хэрэг гэдгийг зохиож нэр холбогдсон хорь гаруй лам нарыг мөрдөн байцаасан ба мөн оны 8-р сарын 24-нд ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссар нарын газрын орлогч дарга Фриновскийн авчирсан хуйвалдаан гэж нэрлэсэн 115 хүний нэрсийн жагсаалтанд нэр дурдагдсан 65 хүнийг 9-р сарын 10-ны шөнө баривчилснаар “Их хэлмэгдүүлэлт” буюу коммунист терорист үйл ажиллагаа эхэлжээ. Улмаар Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллага гэгч зохиомол хэргийг лам нарын “төв” хэмээх хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллага гэгч зохиомол хэрэгтэй холбож нэгтгэснээр монголын үндэсний үзэлтнүүд, сурвалж угсаатнууд, хуучин түшмэд сэхээтнүүд болон лам нарыг монгол орон даяар дайчлан баривчилж хилс хэрэгт хэлмэгдүүлэн алан хядах үйл ажиллагааг өрнүүлэх нөхцөл бүрдсэн байна. Ийнхүү их хэлмэгдүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ Сталины зөвлөсөн ёсоор олон нийтэд ухуулан сурталчлах зорилготой үзүүлэх шүүх хурлыг хоёр удаа хийсэн юм. 1937 оны 10-р сарын эхээр улсын Төв театрын байранд олны өмнө нээлттэй шүүх хуралдаанаар “Ёнзонхамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын толгойлсон хувьсгалын эсэргүү төв хэмээх байгууллагын хэргийг, мөн сарын хорьдоор Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллагын идэвхтэй гишүүн гэгдсэн цэргийн ба төрийн албан хаагч 14 хүний хэргийг таслан шийдвэрлэсэн юм”.  Ийнхүү коммунист террорист үйл ажиллагаа нь коммунист намын удирдагч Сталины өгсөн зөвлөгөө, монголд ажиллаж байсан зөвлөлтийн сургагч зөвлөх чекис  түүдийн удирдамж зааврын дагуу хэрэгжиж эхэлжээ. Хилс хэрэгт баривчлагдсан хүмүүсээр зохиомол хэргээ хүлээлгэхийн тулд хатуу ширүүнээр залхааж тамлан тарчилгах арга өргөн хэрэглэжээ. Зодож нүдэх, дааруулж хөлдөөх, халуун пийшинд шарж цангаах, нойр хоолгүй суулгаж жижүүрлэн байцаах “Сталины номхотгогч цамц” гэгч буюу агаар нэвтэрдэггүй битүү уут өмсгөж агаар дутагдуулан муужруулж багтраах зэрэг тамлан зовоох олон аргыг өргөн хэрэглэж байсан ажээ. Лам нарын хувьд мөрдөн байцаалтыг урьдчилан төлөвлөсөн асуултын дагуу явуулж уг асуудалд хариулсан хариулаагүй ч бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн гэж протокол хөтлөөд гарын үсэг зуруулан авдаг байжээ. Лам нараас байнга асуудаг нэг асуудал бол чи “Нүрзэнсольдив-зөнгөөрөө заларахын ерөөл залбирал” номыг уншсан уу гэж асуудаг байв. Энэ ном бол VIII Богд Жавзандамба хутагтын хойд дүр IX Богд Жавзандамба монгол орондоо эргэж хурдан төрөхийг хүсэн гуйсан утгатай ном юм. Энэ утгыг нь гуйвуулж дээрх ном залбиралыг уншсан бол “чи хуучин хаант засгийг сэргээх гэсэн хувьсгалын эсэргүү мөн” гэж тулгадаг ба тухайн ламын номынх нь багшийн нэрийг асуугаад түүнийг нь “хувьсгалын эсэргүү байгууллагын удирдагч” гэж бичдэг мөн хамт шавилан сурч байсан нэг үеийн лам нарын нэрсийг асуугаад тэдний нэрсийг хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүд гэж мөрдөн байцаалтын протоколд тэмдэглэн бичдэг байсан байна. Ийм протокол Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архивт олон мянгаараа хадгалагдаж байгаа. Лам нарыг баривчлан аваачсаны дараа сүм хийд нь эзгүйрэн үлдмэгц нам эвлэлийн идэвхтэй гишүүдийг тусгайлан зохион байгуулж эзгүйрсэн сүм хийдэд шөнийн цагаар очиж бурхан тахилыг нь нурааж тарааж ном судрыг нь задлан тарааж салхинд хийсгэн цацдаг байсан тухай гэрчийн яриа бий. Сүм хийдийн орон барилгыг 1940-өөд оны эхээр нурааж устгах явдал явагдсан бөгөөд монголын сүм хийдүүдэд хадгалагдаж байсан бурхад болон тахил ёслолын эд зүйлийг 1940 онд хураан цуглуулж хаягдал өнгөт металл болгон ЗХУ-д нийлүүлж байсан тухай баримт бий. ЗХУ-д нийлүүлэх хаягдал зэс гуулийн зүйлийг бэлтгэх ажлыг Дотоод Явдлын Яаманд хариуцуулах тухай засгийн газрын тогтоол ч гарч байсан удаатай. Төрийн эсрэг гэмт хэрэгт хилс баривчлагдсан хүмүүсийн хэргийг 1937 оны аравдугаар сараас 1939 оны 4-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоод Явдлын Яамны дэргэд байгуулсан Онцгой Бүрэн Эрхт Комисс гэгчээр эчнээ оруулан таслан шийдвэрлэх болсон байна. Онцгой Бүрэн Эрхт Комисс гэдэг нь шүүх биш шүүн таслах эрх олгож байгуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс юм.  1937 оны 10-р сараас 1939 оны 4-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд энэ комисс бүгд 51 удаа хуралдаж 25800 шахам хүний хэргийг таслан шийдвэрлэж ял оногдуулжээ. Эдгээрийн 19000 орчим нь лам нар байсан бөгөөд 17000 орчмыг нь буудан алах ялаар шийтгэсэн байна. Монгол орон даяар байсан 700 гаруй сүм хийд эзгүйрч урлагийн асар гайхамшигтай олон мянган бүтээл оюуны асар их өв сан ном судар үрэгдэж устгагдсан ажээ. Энэ бол монгол үндэстний хувьд хэзээ ч дахин нөхөгдөшгүй гарз хохирол болсон юм. Байгаль орчин, анагаах ухаан, одон орон, астрофизик, анагаах ухааны асар их мэдлэгийн өв сан удам тасран устгагдахад тулсан юм. Гэвч ард түмэн гэдэг ямагт агуу хүчирхэг асар ухаалаг уудам байдаг тул оюуны ба эдийн соёлынхоо зарим хэсгийг коммунист дэглэм түүний гар хөл бологчдын хараанаас далдлан нуусаар ардчиллын эрин үе өнөөтэй золгуулж чадсан гавъяатай. Монголын үндэсний үзэл, бурхны шашны үзэл санааг олон мянган хүнийг хэлмэгдүүлэн золиослох арга замаар даван туулж чадлаа гэж коммунистууд бардамнан бахархаж эхэлсэн боловч энэ нь үнэн хэрэг дээрээ тийм биш гэдэг нь бодит амьдарлаар нотлогдон харагдсан юм. 1940 онд хуралдсан МАХН-ын X Их Хурал “Монгол улс феодализмын үндсийг тасалж, хөрөнгөтний бус хөгжлийн зам дээр баттай зогсож чадлаа” гэж дүгнэж байсан. Мөн онд хуралдсан Улсын VIII Их хурал БНМАУ-ын шинэ үндсэн хуулийг баталсан бөгөөд энд монголын ард түмэн шашныг шүтэх ба эс шүтэх эрх чөлөөтэй гэж тунхаглан зарлажээ. Гэвч энэ үндсэн хууль 1924 онд Улсын Анхдугаар Их хурлаас батлаж байсан Анхдугаар Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн агуулга үзэл санааг үргэлжлүүлэн бататгасан онцлогтой. Анхдугаар үндсэн хуульд урьдын ван гүн, хутагт хувилгаад, язгууртнууд, орон хийдэд үргэлж суух санваартан лам нарыг ангийн биш этгээд гэж зарлаж тэдний сонгуулийн эрхийг хасаж байсан юм. Хэдийвээр 1930-аад оны сүүлээр сүм хийд лам нарыг устгах өргөн ажиллагаа явуулсан боловч 1940 оны хоёр дахь удаагийн үндсэн хуульд дээрх хязгаарлалт залгамжлагдан үлдсэн юм. Тухайлбал: энэ үндсэн хууль удган бөө, лам явагсдад сонгуулийн эрх олгохгүй гэж зааснаараа урьд өмнөх хязгаарлалтаа дахин давтан бататгасан байлаа. 1942 онд эрүүгийн хуулийг шинэчилсэн бөгөөд энэ шинэчлэлтээр сүсэг бишрэлээр далимдуулан ард олныг мөлжвөл эрүүгийн ял шийтгэх тухай 137-р зүйл гэгчийг оруулсан байна. Энэ заалт 1961 оныг хүртэл хэрэгжсээр байсан билээ. 1940-1960 он хүртэлх хугацаанд үндсэн хуулиар зөвшөөрсөн шашин шүтэх эрх чөлөө, эрүүгийн хуулийн 137-р зүйлд заасан ёсоор сүсэг бишрэлээр далимдуулан өргөл барьц авч ард түмнийг мөлжвөл ял шийтгэх тухай заалтын хооронд бодитой зөрчил үүсч сүсэгтний хүсэлтээр шашны зан үйл үйлдсэн лам явагсад уламжлалт төвд эмнэлгийн эмчилгээ хийсэн эмч явагсад хэдэн зуугаараа ял шийтгүүлэн хорих ял эдэлсэн нь баримттай зүйл юм. 1944 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч урд сонгуулийн эрхээ хасагдагсдад сонгуулийн эрх олгохоор шийдвэрлэсэн ба засгийн газрын тогтоол гарч хуучны дурсгалт зүйлийг сэргээн хамгаалах тухай жагсаалт баталж Эрдэнэ зуу хийд, Амарбаясгалант хийд, Гандантэгчинлэн хийд, Чойжинламын сүм, сүмийн урд талын янпай хаалга, Богдын ногоон ордон зэрэг гучаад газрыг улсын хамгаалалтанд авсан юм. Гэтэл энэ үеэр сүм хийдийн барилга орон савыг нурааж устгах ажиллагаа эрчимтэй явагдаж байсныг дурдах нь зүйтэй санагдана. 1944 онд Монголын ард түмэн бурхны шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж хэрэгжүүлж байгаагийн баталгаа болгох зорилгоор Гандан хийдийг сэргээж шашны хурал номын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Гандан хийдийн тэргүүн хамба ламаар урд баасангийн хурлын умзад гэж хочлогдож байсан Эрдэнэпил лам томилогдож байжээ. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх үйл ажиллагаа 1940-1960 аад оныг хүртэлх хугацаанд хэрэгжсээр байсны гол баримт нь Эрүүгийн хуулийн 137-р зүйл, энэ зүйл ангиар ял шийтгүүлсэн олон зуун лам нарын хавтаст хэрэг юм. Тэр ч бүү хэл арц уугиулж сан тавьсан, нууцаар гэртээ шашны ном уншуулсан нь илэрвэл нам эвлэлийн гишүүд ажилтан албан хаагчид нам захиргааны байгууллагаас зэмлэл буруушаал хүлээдэг байсан удаатай. Хэдийвээр 1940 оны Үндсэн хуулийн сонгуулийн эрх хассан заалтыг 1944 оны Сонгуулийн эрх олгосон тогтоолоор засаж залруулж улмаар 1949 онд хуралдсан Улсын IX их хурал үндсэн хуулийн дээрх заалтыг хассан боловч ард нийт сүсэгтэн олны шүтэж бишрэх эрх чөлөөг хавчин хязгаарласан үйл ажиллагаа нь эрүүгийн хуулийн 137-р зүйлд тулгуурлан үргэлжилсээр байсан билээ. Эрх зүйн хувьд авч үзвэл Анхдугаар үндсэн хуулиар хутагт хувилгаад, лам нарыг ангийн биш этгээд гэж зааж тэдний улс төрийн эрх буюу сонгох, сонгогдох эрхийг хассанаар нийт лам нарыг эрхийн бүрэн чадамжгүй бүлэг болгож ялгаварлажээ. Үүн дээр 1926, 1934 оны Төр Шашныг Тусгаарлах Тухай хууль, мөн 1940 оны Үндсэн хууль, 1942 оны Эрүүгийн хуульд буй хориг хязгаар заасан заалтуудыг хамтатган авч үзвэл лам нарыг ялгаварлан гадуурхсан улс төрийн бодлогыг хуульчилан баталгаажуулсан тогтолцоо маягийн зүйл бүрдүүлээд байсныг харуулж байна. Удаа дараагийн үндсэн хуульд тунхаглан зарласан иргэдийн шүтэх бишрэх эрх чөлөөний тухай заалт нь дээрх хориг хязгаарлалтын өмнө юу ч биш болж байлаа. Энэ бол улс төрийн хоёр нүүр гаргасан ичгүүр сонжуургүй явдлын түүхэн баримт юм. 1961 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж 137-р зүйл хасагдсан боловч оронд нь хөдөлмөрийн биш орлогоор амьдрах гэсэн зүйл анги чухал байранд тавигдан ард иргэдэд шашны зан үйлээр тусалсан лам явагсдыг цээрлүүлэн шийтгэх үндэслэл болжээ. Өөрөөр хэлбэл өргөл барьц авсан нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийж, хөдөлмөрийн биш орлогоор амьдарч байгаа тул гэмт хэрэгтэн гэж үзэх болжээ. Энэ мэт хавчилага 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн билээ. 1956 онд хуралдсан ЗХУКН-ын XX Их хурлаар “Нэг хүнийг тахин шүтсэн хийгээд түүний хор уршгийн тухай” Н.С.Хрущевын илтгэлийг хэлэлцэж, 1930-аад онд И.В.Сталиныг тахин шүтсэний улмаас хууль ёсыг гажуудуулан зөрчиж сая сая хүмүүсийг төрийн эсрэг гэмт хэрэгт гүтгэн гүжирдэж зохиомол хэрэг ял үүсгэж хилсдүүлэн хэлмэгдүүлсэн явдлыг илчлэн буруушааж хэлмэгдэгсдийн асуудлыг судлан шалгаж нэр төрийг нь сэргээн цагаатгахаар шийдвэрлэсэн түүхтэй. Үүний нөлөөгөөр 1956 онд МАХН ын Төв Хорооны IV Бүгд хурлаар Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын XX Их хурлын дүн ба манай намын зорилт гэсэн асуудал авч хэлэлцээд 1930-1940 өөд онд хувьсгалт хууль ёсыг зөрчиж байсан асуудлыг шалган үзэхээр шийдвэрлэжээ. Төв Хорооны Бүгд Хурлын шийдвэрийн дагуу 1957-1962 онд урьд Дотооод Явдлын Яамны үйл ажиллагаанд гарсан хууль зөрчиж завхаруулсан үйл ажиллагааг шалгаж төрийн эсрэг гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн 200 орчим хүний хэрэг ялыг шалган цагаатгасан билээ. Энэхүү цагаатгалд лам нараас ганц ч лам хамрагдаагүй юм. Яагаад гэвэл тухайн үед лам нарыг ангийн биш этгээд хувьсгалын эсэргүү дайсан гэж үзсэн хэвээрээ байсан юм. Тийм ч учраас “Цагаатгах ажлыг эрхлэх комисс шалгах хэлтсийн ажлын тухай” МАХН-ын Төв Хорооны 1960 оны 7 дугаар сарын 20-ны 17 тоот тогтоолын 2б-д “Ангийн хувьд зайлшгүй шийтгэгдвэл зохих байсан этгээдийн хэргийг шалгахгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй.” гэж заажээ. Ийнхүү лам хуврагуудыг ангийн биш этгээд хэмээн ялгаварлан гадуурхасны улмаас төрийн эсрэг гэмт хэрэгт хилс ял шийтгүүлсэн олон мянган лам нар 1990 оныг хүртэл хувьсгалын эсэргүү дайсан гэж гүжирдэж гүтгүүлсэн хэвээрээ үлдсэн юм. 1988 оны 12-р сард хуралдсан Монгол Ардын Хувьсгалт Намын V Бүгд хурал дээр Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх тавьсан илтгэлдээ: “…манай улсад гучаад оноос нэг хүнийг тухайлбал Х.Чойбалсанг тахин шүтэх явдалтай шууд холбоотойгоор хувьсгалт хууль ёсыг ноцтой завхруулсан цадиггүй явдал мөн. Энэ гэмт явдлын улмаас нам, төр, цэрэг, аж ахуй, соёлын өдий төдий боловсон хүчин, ард иргэд, лам хувраг, сүсэгтнийг үй олноор нь гэсгээн хэлмэгдүүлжээ. Хувьсгалын эсэргүү хүчний үүр голомт болсон гэдэг нэрээр сүм хийдийг нураан, соёлын өвийг үрэн таран хийж устгасан үнэхээр гунигт явдал болсон байна.” гэж тэмдэглээд төрийн эсрэг гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн олон мянган лам хуврагуудын асуудлыг ч шалган үзэх нь зүйтэй гэж цохон тэмдэглэсэн юм билээ. V Бүгд хурлын үзэл санааны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам хуврагуудын асуудлыг шалган цагаатгах ажил 1990 оноос шинэ эрч хүчээр эхэлсэн билээ. Дашримд тэмдэглэхэд МАХН улс төрийн хэлмэгдүүлэлтийг нэг хүнийг тахин шүтсэн, хууль ёсыг гажуудуулж завхаруулсантай холбоотой гэж үзэж байсан юм. Энэ нь ч аргагүй. Хэрвээ асуудлын мөн чанарыг сөхөн тавибал коммунист үзэл суртал социализмын зарчмуудаас татгалзаж ухарсан хэрэг болох байсан билээ.      Монголын түүхэнд тохиолдсон улс төрийн хэлмэгдүүлэлт нь ганц нэгэн удирдагч болон хууль ёс зөрчсөнтэй холбоотой хэлбэрийн төдий үзэгдэл биш харин социалист нийгэм байгуулах зорилт, ангийн тэмцлийн тухай Марксист, Ленинист онол сургаал, Коммунист үзэл сурталтай шууд холбоотой түүнээс үүсэн гарсан зайлшгүй үзэгдэл байжээ гэдгийг дахин цохон тэмдэглэх нь зүйтэй. Эцэст нь тэмдэглэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн золиослогдсон олон мянган лам хуврагууд бол Монголын нийгмийн оюун санааны амьдралын тодорхой хэсгийг цогцуулагчид байсан юм. Лам хүн бол бурхан багшийн сургааль, зонховын сургааль, төв ёсны үзэл арга билэгийн хослолын зарчмыг нийгмийн оюун санааны амьдралд хэрэгжүүлэгчид, сүсэгтэн олон шавь нараа энэрэн нигүүлсэхүй үзэл санаа арга ухаанаар хүмүүжүүлэгч сурган хүмүүжүүлэгчид, ертөнцийн хөгжил хөдөлгөөн амьд ба амьгүй байгалийн уялдаа шүтэлцээ хүний ертөнцийн хөгжлийн жам ёс зэрэг олон амин чухал асуудлуудыг хоосон чанарын тухай томъёололтой материалист зарчмаар судлан боловсруулж танин мэдэж учир шалтгааны ухааны дээд оргил диалектик, логикийн зарчмаар томъёолон тайлбарлаж амьдралын замнал хэв ёсыг тогтоон өгдөг эрдэмтэд байсан. Монгол лам хүн бол зонховын шашны сахил санваар буюу дүлбааг ягштал сахиж, аливаа муу үйл хорон явдлаас ангидаа байж өөрийн биеэр сүсэгтэн олон шавь нартаа үлгэр дууриалыг үзүүлэгч ариун явдалтаны үлгэр жишээ болж байсан түүхтэй ажээ. Лам нар бурханы сургаальд нийцүүлэн нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг тогтоон төлөвшүүлэгч сурган хүмүүжүүлэгчид байсан юм.
Олон төрлийн үзэл суртал, зан суртахууны нөлөө дэлхий ертөнцийг хамран өрнөж буй даяаршлын явцад монголын нийгэм хүн амд хүчтэй нөлөөлж байгаа болон урьд үзэл санааны амьдрал нийгмийн ёс суртахууны эх үндэс болгож байсан коммунист үзэл суртал балран унасаар манай нийгэмд итгэж үнэмших үзэл санаа эрхэмлэн дагаж явах ёс суртахууны хэм хэмжээ нэн чухалчлагдан шаардагдаж байгаа нөхцөлд ариун явдалтаны үлгэр жишээ, зан суртахууны хэм хэмжээ онцгой ач холбогдолтой болж байгаа мэт санагдана. Монголын лам нар эрэн зууныхаа хүн төрөлхтөний хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлэхийг чармайж, шашныг шинэтгэл хийх замаар онол сургааль үйл ажиллагаагаа өөрчлөн хөгжүүлэх оролдлого хийж байсан удаатайг цохон тэмдэглэх нь зүйтэй байна. Энэхүү сайхан уламжлал үлгэр жишээ коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтэд өртөн сүйрээд дахин сэргэн мандаж буй монголын зонховын шашны цаашдын хөгжилд уламжлагдан залгамжлагдах нь лавтай.  
Анхаарал тавьсан та бүхэнд талархалаа илэрхийлье.  

Жич: Асуух асуулт байвал бичгээр ирүүлнэ үү. Бид илтгэгчдээ утсаар холбоо барьж хариултыг нь дамжуулж өгөх болно.     
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо